СЭМҮТ-ийнхөн өсвөр үеийнхний сэтгэцийн тулгамдсан асуудлыг илрүүлэх асуулга бэлтгэсэн байна. Сэтгэл түгшилтийг өөрөө үнэлэх эл асуулгыг 9-18 насныханд зориулжээ. Түүнд дурдсанаар “Эцэг, эхэд чинь муу юм тохиолдож магадгүй гэж санаа зовдог уу”, “Айсан үед толгой эргэдэг, эсэх”, “Танихгүй хүмүүстэй хамт байхаар бухимддаг”, “Бусад хүүхэд шиг сайн байх юм сан” гэж санаа зовдог” зэргийг багтаажээ. Мөн “Сургууль руугаа явна гэж бодохоос толгой эргэж, дотор муухайрдаг”, “Ганцаараа унтахаас санаа зовнидог”, “Айсан үед хөлөрч, зүрх түргэн цохилдог” гэсэн хэсэг ч бий гэнэ. Эдгээр асуултаар дамжуулан эцэг, эх, асран хамгаалагч нар ч хүүхдүүддээ сэтгэл түгших эмгэг илэрч буй, эсэхийг мэдэх боломжтой юм. Асуултад хариулахдаа сүүлийн гурван сарын хугацаанд ийм зүйл дандаа болсон бол хоёр, заримдаа гэвэл нэг оноо өгөх гэх мэтээр үнэлэх юм билээ. Ингээд нийт 45 асуулт байгаагаас 23 онооноос дээш дүн гарвал мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй болох нь.
Ташрамд дурдахад, дээрх асуулгатай “Дотоод луужин” сэтгэл зүйн төвийн цахим хуудаснаас танилцах боломжтой. Тус төвийнхөн “Сэтгэл түгшилт гэж бодит бус айдаст автаж, санаа зовнихыг хэлнэ. Түүнчлэн сэтгэл түгшилтийн шинж тэмдэг гурван сараас дээш хугацаагаар илэрвэл эмгэг гэж үзнэ. Оношийг зөвхөн сэтгэцийн эмч л баталгаажуулна” гэлээ.
А.Үүлэн