Сангийн дэд сайдын албан тушаал хашиж байсан, “Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ч.Ганхуяг, тус нэгдлийн гүйцэтгэх захирал Б.Золбоо нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хэлэлцэхээр товлоод байв. Гэвч шүүгдэгч Ч.Ганхуяг өмгөөлөгч авч эрхээ хамгаалуулах хүсэлт гаргасныг үндэслэн хойшлуулсан байна. Уг нь тэдэнд холбогдох хэргийг энэ сарын 7-нд тус шүүх хэлэлцэхээр товлосон боловч тэрбээр өмгөөлөгчөөсөө татгалзсан аж. Тиймээс шүүгдэгчдийн эрхийг хангах үүднээс долоо хоногийн хугацаагаар хойшлуулах захирамж шүүх гаргасан юм.
Ч.Ганхуяг, Б.Золбоо нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны аравдугаар сарын 9-нд хэлэлцээд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон билээ. Улмаар Ч.Ганхуягийг 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 350 000, Б.Золбоог 4000 нэгж буюу дөрвөн сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байдаг.
Шүүхийн эл шийтгэх тогтоолыг тэд үл зөвшөөрч, давж заалдана гэдгээ олон нийтийн сүлжээнд тухайн үед илэрхийлсэн төдийгүй “Төлбөртэй мэдээгээр ч та хэд маань булуулж байгаа харагдана. Дуугарахгүй бол болохгүй нь. Эцэст нь бүр жаахан эмэгтэйг бүлэглэн зодсон болоод явчихлаа”, “Цагдаагийн байгууллага зөвхөн тэр эмэгтэй болон түүнтэй хамт явж байсан залуусын мэдүүлгээр энэ хэргийг шийдлээ. Иймд энэ гараад байгаа мэдээ төлбөртэй гэдгийг ойлгож эргэн тойрны хүмүүстээ зөв тайлбарлахыг хүсье” хэмээн бичиж байв. Өөрөөр хэлбэл, шүүх шийдвэрлэсэн хэргийнхээ талаар төлбөртэйгөөр мэдээлэл түгээдэг, хэвлэлийнхэн төлбөртэй мэдээ цацдаг гэсэн утгатай зүйл ярьж, бичсэн удаатай.
Г.Орчлон