Монголын хуульчдын холбооны Эдийн засгийн эрх зүйн хороо болон Улаанбаатар хотын худалдааны танхимынхан хамтран “Татварын шинэчлэл-Хувийн хэвшлийн оролцоо” хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа.
Уг хэлэлцүүлгийн хүрээнд татварын хувь хэмжээг бууруулж, давхардлыг арилган, зарим нэр томьёог шинээр тодорхойлох шаардлагатайг салбарын төлөөллүүд нь онцолсон. Мөн татварын тайлан гаргах болон төлөх хугацааг уялдуулах шаардлагатайг ч дурдав.
Энэ талаар Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ “Бид энэхүү хэлэлцүүлгийн хүрээнд аж ахуйн нэгжүүдэд ямар асуудлууд тулгарч буй талаар судалгаа авч, санал боловсруулсан. Судалгаанд оролцогчдын олонх нь татварын байгууллага, байцаагчтай холбоотой үйл ажиллагааны давхардал их гардгийг онцоллоо. Мөн нэг төрлийн татварыг хэд хэдэн аж ахуйн нэгжээс давхардуулан авах нь түгээмэл. Түүнчлэн зарим нэр томьёог буруу тодорхойлсноос үүдэн татварын байгууллага, байцаагч нар харилцан адилгүй тайлбар өгч, иргэдийг төөрөгдүүлэх тохиолдол маш их гарч буй. Өөрөөр хэлбэл, энэ нь татварын хуулиуд уялдаагүйг илтгэж байгаа юм. Тиймээс татварын шинэчлэлийг энгийн, ойлгомжтой, цэгцтэй, давхцалгүй болгох хэрэгтэй. Ингэхдээ татвар төлөгч бүх иргэн, аж ахуйн нэгжид ижил үйлчилдэг байхаар зохицуулах ёстой. Мөн хувийн хэвшлийнхнээр дамжуулан эдийн засгаа хөгжүүлэхэд анхаарах учиртай. Үүнээс гадна бид татварын хувь хэмжээг багасгах санал тавилаа. Эрх баригчид үргэлж л татвар бага гэдэг. Уг нь бусад оронтой харьцуулахад бага мэт боловч үйл ажиллагаатай холбоотой нэмэлт зардал их гардаг юм. Ер нь татварыг бууруулснаар дотоодын аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадвар сайжирна” гэсэн юм.
Эл хэлэлцүүлэг нь Монгол Улсын татварын орчныг сайжруулах, татварын багц хуулийн хэрэгжилтийн талаар хувийн хэвшлийнхний саналыг нэгтгэн холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлэн, шийдвэрлүүлэх замаар эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой. Мөн хувийн хэвшлийн үйл ажиллагаа, цар хүрээг өргөжүүлэхэд чиглэж буй аж.
У.Сүрэн