Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хурлыг ирэх пүрэв гарагт буюу энэ сарын 7-нд нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд товложээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу өнгөрсөн баасан гарагт мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “НҮБ-ын Ерөнхий ассамблей жил бүрийн арваннэгдүгээр сарын 2-ныг “Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр” болгох тогтоол 2013 онд гаргасан.
Энэ өдрийн өмнөхөн сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хурлын тов гарлаа. Би өнөөдөр хоёр асуудлаар мэдэгдэл хийж байна. Нэгдүгээрт, миний бие нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газарт хүсэлт гаргаж байна. Ч.Лодойсамбуу миний бие Н.Өнөрцэцэгийг шүүх хуралд ажиглагчаар оролцох хүсэлт гаргалаа. Оролцох боломжоор хангаж өгнө гэж найдаж байна. Н.Өнөрцэцэгт холбогдох хэрэг нь зөвхөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд танилцдаг нууц материалтай холбоотой хэрэгт багтаж байгаа.
Гэхдээ нууц дэлгэхгүй гэх гарын үсэг зурж, баталгаа гаргаж шүүх хуралд ажиглагчаар суумаар байна. Шүүхэд эргэлзэх сэтгэгдэл төрж байна. Яагаад гэхээр нууцад хамаарсан аливаа материалыг хадгалах үүрэгтэй этгээд алдсан. Тэрийг олж авсан, хадгалсан, дамжуулсан бүх этгээд эрүүгийн хариуцлага хүлээх ёстой. Гэтэл нэг хүнд л эрүүгийн хариуцлага хүлээлгэж, цагдан хорилоо.
Тиймээс шүүх хурлын үйл явцтай танилцахыг хүсэж байна. Хоёрдугаарт, би Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн. Эрүүгийн хуулийн 13.14 буюу “Худал мэдээлэл тараах” гэх зүйл заалтыг хасуулах санал оруулсан. Зөвхөн энэ заалтаар хэвлэл мэдээллийн байгууллагынхан төдийгүй цахим орчинд үзэл бодлоо илэрхийлсэн 1000 орчим хүнд хэрэг үүсгэн шалгаж байна” гэв.