Эзэнгүй нохой, муур түр асрах байрыг ашиглалтад оруулах хугацаа одоо ч тодорхойгүй байна. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын баталсан Орчны аюулгүй байдлыг хангах арга хэмжээ зохион байгуулах тухай захирамжид эзэнгүй буюу тэнэмэл нохой, муур түр асрах төв байгуулахаар тусгасан байдаг. Түүнчлэн нийслэлийн зургаан байршилд энэхүү төвийг байгуулахаар шийдвэрлэсэн. Эхний ээлжид Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 10 000 нохой хүлээн авах багтаамжтай байр барьсныг албаныхан өмнө нь мэдээлж байв. Гэвч энэхүү байранд амьтдыг асарч хооллох хүн, дулаан оромж байхгүйгээс 100 орчим амьтан тэнд осгож, бүгд хорогдсон аж.
Тиймээс түр асрах байрны орчин нөхцөлийг сайжруулсны дараа амьтдыг хүлээн авахаа Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлсэн юм. Уг нь өнгөрсөн 4-5 дугаар сард үйл ажиллагааг нь эхлүүлнэ гэсэн ч ажил нь одоо хүртэл дуусаагүй л байна. Энэ талаар Захирагчийн ажлын албаныхнаас тодруулахад “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрынхан хүлээгээд авчихвал үйл ажиллагааг нь эхлүүлнэ” гэсэн юм.
Эзэнгүй нохой, муур түр саатуулах байр барихад зориулсан 250 сая төгрөгийг нийслэлийн өнгөрсөн оны төсөвт тусгажээ. Түүнчлэн дээврийг нь засахад энэ онд 95 сая төгрөг зарцуулсан гэнэ. Мөн байрыг тохижуулахад 800 сая төгрөг зарцуулсан талаар албаныхан мэдээлж байсан юм.
Түр асрах байр барьсан нь сайшаалтай ч тэнд хүнлэг сэтгэлтэй хүнийг ажиллуулж чадах, эсэхэд амьтдын эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгууллагуудынхан санаа зовж буй гэнэ. “Эл байрыг ашиглалтад оруулсан ч өмнөх үйл явдлыг давтаж, амьтдыг хохироох вий” гэж тэдний төлөөлөл хэлж байлаа. Гэрийн тэжээвэр амьтны тухай хуульд амьтдыг хараа хяналтгүй орхих, өлсгөх, харангадуулсны улмаас үхэлд хүргэсэн бол хүчирхийлэл үйлдсэн хэмээн үзэхээр тусгасан билээ.
Түүнчлэн Гэрийн тэжээвэр амьтны тухай хуульд эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг заажээ. Тухайлбал, “Амьтны төрөл, үүлдрийн онцлог, биеийн хэмжээнд тохирсон, хөдөлгөөн хязгаарлахгүй орон зай бүхий талбайтай, агаарын солилцоо сайтай, улирлын онцлогт тохирсон, байгалийн гэрэл нэвтрэх боломжтой, эрүүл ахуйн шаардлага хангасан орон байранд ангилан байрлуулах” гэсэн байна. Мөн “түр байрлуулан асрамжлах газар” гэж төөрсөн, олдсон нохой, муурыг асран хамгаалагчид нь хүлээлгэн өгөх хүртэл, эзэнгүй нохой, муурыг асран хамгаалагчтай болгох хүртэл хоол, орон байраар хангаж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулан, түр хараа хяналтдаа байлгах зорилгоор энэ хуульд заасны дагуу зөвшөөрөл авсан ашгийн төлөө бус хуулийн этгээд хэмээн заасан байна.