Засгийн газар 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртөө Говийн их дархан цаазат газрын А хэсэгт Нарансэвстэйн боомтыг сэргээн байгуулахаар тусгасан нь байгаль орчны салбарынхны төдийгүй иргэд, олон нийтийн эсэргүүцэлтэй тулгараад буй. Экологичид үүнийг экосистемийн тэнцвэр, биологийн олон янз байдлыг алдагдуулах “хорлон сүйтгэх” ажиллагаа хэмээн үзэж, байр сууриа илэрхийлсээр байгаа юм. МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимийн багш, хөхтөн судлаач, доктор, профессор Н.Батсайхан эл шийдвэрийг “Хавтгайн генетик мөхлийн сүүдэр айсуй” гэж тодотгов. Өөрөөр хэлбэл, тус бүсэд боомт байгуулснаар говийн шүхэр зүйл гэгддэг хавтгай устах эрсдэлтэйг анхаарууллаа.
Тэрбээр энэ талаар “Алтайн өвөр говь цөлийн цөмд эрлийз удмын бодгаль (зэрлэг болон энгийн тэмээ)-иуд тохиолдож байгааг митохондрын судалгааны үр дүнд судлаачид илрүүлсэн. 2006 оны үед Говийн их дархан цаазат газрын орчны бүсийн хоёр аймгийн, дөрвөн сумын 17 малчин айлд 44 бэсрэг эрлийз тэмээ бүртгэсний 13 нь ат, 10 нь залуу, 15 нь бүдүүн ингэ, зургаа нь залуу буур байв. Харин 2019 оны байдлаар таван сумын 51 өрх айлд 124 бодгаль тэмээ адгуулж байгааг аман судалгаагаар тогтоосон. Энэ бүс дэх эрлийз бэсрэг тэмээний тоо гэхэд л сүүлийн 15 жилд 2.7 дахин буюу 80 орчим тоо толгойгоор нэмэгдсэн үзүүлэлт байна. Энэ цагаас хойш илүү олширсон нь тодорхой.
Хэрэв тус бүсэд Нарансэвстэйн боомтыг сэргээн байгуулбал хүнд даацын, олон машин техник холхиж, суурин бий болно. Ингэвэл нэн үргэмтгий хавтгайн сүрэг хилийн зурвасаас үргэн дайжиж, улмаар тэмээний нутаг руу шахаж, шилжин байрших нь тодорхой. Хавтгай, тэмээ хэмээх ялгаатай хоёр зүйл ороо нийллэгийн үед өмнөхөөс илүү учирч, үржлээр дамжин эрлийзжих, интрогресс хийх эрчим, тохиолдоц нэмэгдэнэ. Үүний үр дүнд генетикийн түвшинд илэрхий ялгаатай шугам болсон генетик олон янз байдлын бүтэц, тогтоц сарниж, дэлхийд хавтгай хэмээх тэмээн гөрөөс мөхөлд хүрсэн тухай харамсам, гаслант мэдээ олон улсад тархах нигууртай” гэв.
Н.Ган