Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн НҮБ-ын наймдахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, гэргийн хамт Чингис хаан Үндэсний музейд зочиллоо.
Хүндэт зочин Бан Ги Мүн-ийг Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун, СПАЖЗ-ын сайд Ч.Номин нар хүндэтгэлтэйгээр угтан авч, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэнд нь баяр хүргэн, музейн “Мөнгөн мод”, Их Монгол Улс, Монголын эзэнт улс ба Хан улсуудын танхимуудаар зочлуулан тайлбар хийлээ.
Тус музейд хоёр дахь удаагаа зочилж буй Бан Ги Мүн нь музейн "Хүндэт дэвтэр"-т талархсан сэтгэлийн үгээ бичиж хоёр улсын хооронд түүх болгон үлдээлээ.
Чингис хаан Үндэсний музей нь 2019 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шийдвэрээр байгуулагдсан. Тус музейд нүүдэлчдийн анхны төрт улс Хүннүгийн эзэнт улсыг үндэслэгч Модун шаньюйгаас эхлээд ХХ зууны эхэн хүртэлх Монголын төрт улсуудын хаад, язгууртны үйл ажиллагаа, эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлс, томоохон бодит үйл явдлыг харуулах 10000 гаруй эх үзмэрийг орчин үеийн дэвшилтэт технологи болох AR, QR, VR, интерактив, видео зэрэг техник технологи, уран зураг, гар зураг, баримал, дархны урлал, оёдол, хатгамал, макетаар дэглэсэн билээ.