Хүн төрөлхтний цэнгэлийн манлай болсон олимпын наадмын гал Парис хотын тэнгэрт аслаа. Франц улсын нийслэл Парис хотноо болж буй энэ удаагийн наадмын нээлт анх удаа цэнгэлдэхийн гадна буюу Сена мөрний дагуу болов. Тус хотноо 100 жилийн дараа зуны олимп зохион байгуулж буй нь энэ аж. Парист өмнө нь 1900, 1924 онд буюу хоёр удаа олимп болж байсан юм.
Зуны 33 дахь удаагийн олимпын нээлтийн ёслол 128 жилийн түүхэнд анх удаагаа цэнгэлдэх хүрээлэн дотор бус, харин хотын төвд, гол, мөрний дээгүүр тамирчдын парад хэлбэрээр болж өнгөрлөө. Парисын төвөөр урсах Сена мөрнөөр 206 орны 6800 орчим тамирчин 94 завь хөлөглөн ёслолын жагсаал хийсэн. Тамирчид Аустерлицийн гүүрнээс Трокадеро талбай хүртэлх зургаан км замыг туулахдаа Луврын музей, Парисын эх дагинын сүм, Эйфелийн цамхаг зэрэг түүхэн дурсгалт газар болон олимпод зориулан барьсан хэд хэдэн байгууламжийн дэргэдүүр явж өнгөрөв. Энэ удаагийн олимпын барилга байгууламжийн 95 хувь нь өмнө нь байсан болон түр хугацаанд байгуулсан хотхон аж. Байгальд хор хөнөөлгүй, тогтвортой хөгжлийг дэмжих агуулгын хүрээнд ийм шийдэл гаргаснаа зохион байгуулагчид онцолж байв. Мөн 2000 оны Сиднейн олимпоос хойших хамгийн бага буюу 9.7 тэрбум ам.долларын зардал гаргаснаа тэмдэглэж байлаа. Зуны олимпын найруулагчаар Францын театрын найруулагч, жүжигчин Тома Жолли ажилласан юм. Тэрбээр олимпын нээлтийн урлагийн тоглолтод гурван мянга гаруй уран бүтээлч оролцуулжээ.
Монгол үндэсний өв соёлыг дэлхийн мэлмийд гайхуулж, Төрийн далбайгаа Парисын тэнгэрт намируулсан манай улсын баг, тамирчид Сена мөрний завьт парадын нэгэн чимэг байлаа. Нээлтийн ёслолыг үзэхээр олимпын наадамд оролцож буй 120 улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар Парист уригдан иржээ. Тэдний дотор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт байв.
Нээлтийн ёслол эхлэхэд олимпын өлгий нутаг Грекийн тамирчид хамгийн түрүүнд жагссан бол араас нь дүрвэгсдийн баг, дараа нь франц цагаан толгойн үсгийн дарааллаар 206 улсын тамирчид Сена мөрнөөр явж өнгөрлөө. Олимпыг зохион байгуулж буй Францын баг тамирчид уламжлал ёсоор хамгийн сүүлд жагссан. Харин тэдний өмнө АНУын тамирчид орсон юм. Энэ нь 2028 оны олимпын наадмыг Лос Анжелес хотод зохион байгуулахтай холбоотой аж.
Нүүрээ халхалж, бамбар барьсан хүн Эйфелийн цамхагт хүрэх хамгийн дөт замыг хайж, Парисын байшинг уудын дээвэр дээр гүйж байв
Парадын үеэр нүүрээ халхалж бамбар барьсан учир битүүлэг нэгэн хүн Эйфелийн цамхагт хүрэх хамгийн дөт замыг хайж, Парисын байшингуудын дээвэр дээгүүр гүйсэн нь олны анхаарлыг ихэд татсан. Тэрбээр бамбар барьж гүйхдээ Парис хотын гайхамшигт өнгө төрхийг дэлхий нийтэд сонордуулахаар хичээсэн бололтой. Тус хотод байрлах хамгийн үзэсгэлэнтэй, түүх өгүүлэх барилгуудыг дээвэр дээрээс нь үзэгчдэд харуулж байв. Түүнийг цахим орчинд “Assassin’s сreed” видео тоглоомын баатартай зүйрлэсэн сэтгэгдэл олон байлаа.
Завины цувааны дараа тэмцээнд оролцож буй улс бүрийн туг баригчид Эйфелийн цамхгийн урд жагсаж, олимпын сүлд дууг оркестроор эгшиглүүлж, олимпын тугийг мандуулж, бамбарыг асаав. 33 дахь удаагийн олимпын наадмын нээлтийн ёслолын завьт парадад Монгол Улсын Төрийн далбааг авьяат тамирчин, марафонч Б.Сэр Од, олон улсын хэмжээний мастер, боксчин О.Есүгэн нар мандуулсан юм. Манай улсын тугч Б.Сэр Одын хувьд зургаа дахь удаагаа олимпод оролцож буй. Мөн тэрбээр олимпын наадамд хөнгөн атлетикийн төрлөөр хамгийн олон оролцсон тамирчнаар шалгарч, иннесийн амжилт тогтоож байгаа юм. Энэ удаагийн олимпод Монгол Улсаас спортын есөн төрөлд 33 тамирчин өрсөлдөнө .
Франц улсын Ерөнхийлөгч Э.Макрон олимпын наадмыг нээсний дараа баг өмссөн нууцлаг хүн олимпын бамбарыг Францын шилдэг хөл бөмбөгчдийн нэгт тооцогддог, 1998 оны дэлхийн аварга Зинедин Зиданд шилжүүлсэн. Урьдчилан бэлдсэн дүрс бичлэгт тэрбээр хоосон “Стад де Франс” цэнгэлдэхэд олимпын бамбарыг авч, Францын сонгодог өнгө өнгийн машинуудын дундуур сүлжиж, хэсэг хүүхдэд хүргэж байгаа харагдсан. Үүний дараа тэрбээр олимпын хошой аварга Испанийн теннисчин Рафаэль Надальд бамбарыг дамжууллаа. Улмаар бамбарыг теннисний “Их дуулга” тэмцээний 23 удаагийн аварга, АНУын тамирчин Серена Уильямст өгсөн юм. Бамбарыг буухиалахад Францын теннисчин Амели Моресмо, сагсан бөмбөгчин Тони Паркер, олимпын гурван удаагийн аварга, гандболын тамирчин Никола Карабатич нар оролцлоо.
Парисын олимпын бамбарыг агаарын бөмбөлөгт хөөргөлөө
Эцэст нь Луврын музейн дэргэд байрлуулсан тогоонд Олимпын бамбарыг авчрав . Тогооны дээр байрлуулсан агаарын бөмбөлгийн доорх галыг олимпын аварга, хөнгөн атлетикийн тамирчин Мари Жозе Перек, жүдоч Тедди Рине нар асаалаа. Ингээд аварга том бөмбөлөг Парисын шөнийн тэнгэрт хөөрсөн юм. Бөмбөлөг олимпын наадмын туршид агаарт байх аж. Ийм сэтгэл хөдөлгөм байдлаар зохиомжилсон нь агаарын бөмбөлгийг зохион бүтээсэн ах, дүү Монгольфье нарт хүндэтгэл үзүүлсэн хэрэг байлаа.
Нээлтийн ёслолын төгсгөл хэрд алдарт Жон Ленноны “Imagine” дууг Францын дуучин Жюльетт Армане толилууллаа. Энэ үед төгөлдөр хуур шатаж байсан нь үзэгч олныг гайхшруулсан өвөрмөц шийдэл байв. үний дараа алдарт дуучин Селин Дион Эйфелийн цамхгийн тагтан дээр Канадын бэлгэ тэмдэг, хүчний хатан хаан Эдит Пиафын “Hymne A L’Amour” дууг англи, франц хэлээр дуулсан нь үзэгчдийн бахархлыг төрүүлсэн юм. Хүнд өвчинтэйгөө тэмцэж буй Селин Дион хоёр жилийн дараа ийнхүү олимпын нээлтийн тайзнаа эргэн ирж, үзэгч, сонсогчидтойгоо уулзсан нь энэ байлаа. Түүнчлэн түүнийг дуулах үед Эйфелийн цамхгийн эргэн тойронд лазерын шоу үзүүлж байв.
Эйфелийн цамхгийн эргэн тойронд гэрлийн шоу үзүүллээ
Энэ удаагийн олимпын нээлтийг аль болох олон хүнд хүртээмжтэй байдлаар харуулахаар төлөвлөснөөрөө онцлог аж. Аварга том 80 орчим дэлгэц, хаа сайгүй байрлуулсан чанга яригч нь Францын нийслэл даяар цуурайтаж, шоуны ид шидийн уур амьсгалыг хүн бүрд мэдрэх боломжийг олгожээ. үнээс үүдэн Парис хот тэр чигтээ олимпын нээлтийн тайз болсныг олон улсын хэвлэлүүдэд онцолсон.
Олимпод нийт 10 мянга гаруй тамирчин өрсөлдөж байгаа. Тэдний хүйсийн харьцаа тэнцүү байгаа нь зуны олимпын 128 жилийн түүхэнд анхдагч тохиолдол болжээ. Наадмыг зохион байгуулж буй Олон улсын олимпын хорооны ерөнхийл өгч Томас Бах “Олимпын наадамд оролцсон эмэгтэйчүүдийн төдийгүй спортын түүхэн дэх хамгийн чухал мөчүүдийн нэг ийнхүү тохиож байна” хэмээн тодорхойлжээ. Тэдний зүгээс нээлтээр дамжуулан илэрхийлэхийг хүссэн гол санаа нь хүйсийн тэгш байдлыг хангах, арьсны өнгө, хөгжлийн бэрхшээл, бэлгийн чиг хандлага зэрэг нь хүмүүсийн ялгаварлан гадуурхах тэд харуулах аж. Үүний дотор эмэгтэйчүүд нээлтийн ёслолын зохиомжид томоохон байр эзэлжээ. Тухайлбал, Сена мөрний эргийн дагуу босгосон асар том тавцангуудад алдартай 10 эмэгтэйн алтадсан цээж баримлыг байрлуулсан байлаа.
Гэвч нээлт тойрсон асуудал мундсангүй. Тухайлбал, нийгмийн сүлжээнд хүмүүс “Энэ удаагийн олимпын нээлт христийн шашинтай улс орнуудыг доромжиллоо. 2014 оны Сочигийн олимптой харьцуулахад хэтэрхий хөнгөн хийсвэр байлаа” гэх мэтээр сэтгэгдлээ илэрхийлж байв. үнээс гадна нээлтийн ёслолын завьт парадын үеэр БНСУын багийн нэрийг англи, франц хэлээр танилцуулахдаа БНАСАУ гэж зарласан юм. Тиймээс нээлтийн үеэр гаргасан алдааныхаа төлөө Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч БНСУ-ын ерөнхийлөгч өөс уучлалт гуйв. Мөн олимпын тугийг буруу харуулж мандуулсан нь дэлхий нийтийн бухимдлыг төрүүлж байлаа.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн