Олимпын наадам эхлэхийн өмнө Олон улсын олимпын хороо (ОУОХ)-ны 142 дугаар чуулган Парист болж байна. Чуулганы хоёр дахь өдөр 2025 онд и-спортын анхдугаар олимпыг зохион байгуулах эрхийг Саудын Араб улсад өгчээ. ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах “Энэ бол ОУОХ-ны шинэ эриний эхлэл юм. И-спортын төрлөөр олимпын наадам зохиосноор бид дижитал хувьсгалын хурдыг дагаж байна. Саудын Арабын Үндэсний олимпын хороо энэ олимпыг зохион байгуулснаар арвин туршлага хуримтлуулах болно. Энэхүү хамтын ажиллагаа нь олимпын харти, олимпын үнэт зүйлд суурилж байна” хэмээн онцолсон.
ОУОХ 2018 оноос и-спортод анхаарал хандуулах болсон юм. Үүний хүрээнд 2023 онд и-спортын долоо хоногийг Сингапурт зохион байгуулсан билээ. Уг арга хэмжээ амжилттай болсны дараа ерөнхийлөгч Томас Бах ОУОХ-ны Спортын комисст хандан и-спортын олимп зохион байгуулах боломжийг судлах үүрэг өгсөн юм. Тус комисс ОУОХ-ны гишүүн Д.Лаппартиентийн удирдлагад олимпын үнэт зүйлсийг хүндэтгэсэн, и-спортын нийгэмлэгийн ашиг сонирхлыг хангасан төсөл боловсруулсан нь олимп зохион байгуулах үндэс болжээ.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ОУОХ, Саудын Арабын Үндэсний олимпын хороотой хамтран и-спортын “Дэлхийн цом”, олон улсын тэмцээн зохион байгуулахад 80 гаруй орны 1700 тамирчин оролцсон аж. Эдгээр тэмцээнийг дэлхий дахинд 1.3 тэрбум хүн үзсэнээр и-спорт залуучуудын сонирхлыг ихэд татжээ. Эмэгтэйчүүдийн дунд и-спорт эрчимтэй хөгжиж, 330 мянган тамирчин олон улсын тэмцээнд ур чадвараа сорьсон байна. Энэ нь хүйсийн тэгш байдлыг хангах ОУОХ-ны бодлоготой нийцэж буй гэнэ.