Монгол Улсын зэвсэгт хүчний анхны эмэгтэй бригадын генерал Г.Болор НҮБ дахь манай улсын Байнгын төлөөлөгчийн газарт цэргийн зөвлөхөөр томилогдож, өчигдөр АНУ-ыг зорьжээ. ЗХЖШ-ын Сургалт, бэлтгэлийн газрын даргаар ажиллаж байсан түүнд тус штабын даргын зөвлөлийн гишүүд хүндэтгэл үзүүлж, үдсэн байна. Энэ үеэр ЗХЖШ-ын дарга, хошууч генерал С.Ганбямба “НҮБ-ын төв штабт сонгогдон ажиллана гэдэг нэр төрийн хэрэг, Монгол Улсын зэвсэгт хүчний энхийг сахиулагчдын ур чадвар, тэсвэр хатуужил, цэргийн хэргийн мэдлэг, туршлагыг НҮБ өндрөөр үнэлж байгаагийн тод илэрхийлэл нь энэ юм. Энэхүү хариуцлагатай албанд сонгогдон томилогдсонд баяр хүргэж, шинэ албанд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе” гэжээ.
Бригадын генерал Г.Болорын хувьд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газарт ажиллаж байсан туршлагатай нэгэн. Тэрбээр НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд штабын офицероор хоёр удаа, НҮБ-ын Төв штабын удирдах албан тушаалд мөн тоогоор томилогдон ажиллаж байсан бөгөөд улс орныхоо аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах бодлогыг хэрэгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж буй хүн юм.
Ташрамд дурдахад, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд эх орондоо бүрмөсөн ирж, түүний оронд томилогдсон Н.Анхбаяр ажлаа хүлээн аваад байна.