“Сайн дурын ажил гэж залуучуудын идэвх санаачилгаар явуулж байгаа, ашгийн төлөө бус, нийтэд тустай үйл ажиллагаа” хэмээн Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд заасан байдаг. Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт залуучууд өөрсдөө санаачилсан байх, хоёрдугаарт ашгийн төлөө бус, нийтэд тустай үйл ажиллагаа гэж тодорхойлсон гэсэн үг. Энэ нь манай улсад сайн дурын ажлыг анх удаа хуульдаа тусгасан тохиолдол юм. Харин бусад хуульд сайн дурын ажилтай холбоотой зохицуулалт алга.
Сайн дурын үйлстнүүдийн гол зорилго нь бусдад тустай ажил хийж, түүнээсээ аз жаргал мэдрэх аж. Харамсалтай нь, тэдний хүсэл зоригийг няцааж ашиглагчид олширчээ. Тодруулбал, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа хэрнээ сайн дурынхныг ажиллуулдаг байгууллага цөөнгүй байна. Тэдний хувьд ажиллах хүчээ ингэж шийдэх нь зардал багатай арга болдог биз ээ.
“ШАН ХАРАМЖ, ДАРАМТ ШАХАЛТГҮЙГЭЭР ОРОЛЦОХ ЁСТОЙ”
Сайн дурын ажил бол ашгийн бус үйл ажиллагаа юм. Тэдний эрхийг хамгаалах, ажилд зуучлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг цөөхөн байгууллага манай улсад байдгийн нэг нь Монголын сайн дурынхны төв юм. Тус төв өдгөө 18 дахь жилдээ ажиллаж байгаа аж. “Ахлах ангийн сурагчид болон оюутнууд манай төвөөр дамжуулан сайн дурын ажил хийдэг. Ингэхдээ олон улсын жишиг, дүрэм журмын дагуу чиглүүлэг, мэдээлэл авдаг онцлогтой. Бид хүссэн чиглэлийнх нь дагуу сайн дурын ажилд холбон зуучилдаг. Бизнесийн болон зарим тохиолдолд улс төр, шашны байгууллагынхан сайн дурын ажлын утга агуулгыг гажуудуулах нь бий. Тиймээс бид залуучуудад сайн дурын ажлын бусдаас ялгарах онцлогийг ойлгуулахад анхаардаг. Сайн дурын ажиллагаанд ямар ч шан харамжгүйгээр, шахалт албадлагагүйгээр оролцдог” хэмээн тус төвийн хөтөлбөрийн захирал Х.Сэлэнгэ хэлэв.
Түүний хэлсэнчлэн хүмүүс сайн дурын ажил нь хөдөлмөр эрхлэхээс юугаараа ялгаатайг тэр бүр ойлгодоггүй аж. Үүнийг зарим байгууллага ашиглан, сайн дурынхныг үнэгүй ажиллах хүч болгох нь бий. Мөн уулзалт, хэлэлцүүлэг зэрэгт гадаадаас ирсэн зочдод орчуулга хийлгэх сайн дурын ажил сүүлийн үед нэлээд олширсон. Энэ нь сайн дурын ажилд хамаарах, эсэхийг хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “MN partners” компанийн гүйцэтгэх захирал Ц.Мөнхбатаас тодрууллаа. Тэрбээр “Тухайн хэлэлцүүлэг, уулзалт нь ашгийн төлөө бус, нийтэд тустай үйл ажиллагаа байх ёстой. Бас тухайн хүн сайн дурын үндсэн дээр оролцоно. Харин хэлэлцүүлэг, уулзалт нь бизнесийн зорилготой, ашгийн төлөөх үйл ажиллагаа бол сайн дурын ажил гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй юм. Эсрэгээрээ сайн дурын ажил нэрийдлээр хөдөлмөрийн мөлжлөг хийлгэж буй нэг хэлбэр. Гэхдээ нэг зүйлийг ойлгох нь зүйтэй. Сайн дураар ажиллаж буй болон ажиллуулж байгаа этгээд нь харилцан тохиролцсон нөхцөлд төр үүнд оролцох боломжгүй” хэмээсэн юм.
Сайн дурын ажилтан болон үйл ажиллагаа зохион байгуулагчийг хооронд нь холбон зуучилдаг байгууллагууд бий. Тэд сайн дурын ажилтан, “ажил олгогч”-ийн хооронд хөдөлмөрийн гэрээ хийхийг санал болгодог аж. Ингэснээр талуудын эрх, үүрэг тодорхой болно. Мөн ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, хөдөлмөрийн мөлжлөгт өртөхөөс сэргийлдэг гэнэ. “Сайн дурын ажил хийх гэж байгаа хүн тухайн байгууллагатайгаа эхлээд гэрээ байгуулдаг. Хүний эрхийг хангах, зөвшөөрснөөс өөр ажилд томилохгүй зэргийг гэрээнд тусгадаг юм. Аюулгүй байдлыг нь ч хангадаг. Сайн дурын ажил хийхэд заавал гэрээ байгуулах ёстой. 18-аас доош настай бол асран хамгаалагчаас зөвшөөрөл авах нь зүйтэй” хэмээн Монголын сайн дурынхны төвийнхөн хэлсэн юм.
Өмнө дурдсанчлан, сайн дурын үйл ажиллагаа нь ашгийн бус, шан харамжгүй, хүсэл сонирхлын үүднээс хийдэг зэргээрээ хөдөлмөр эрхлэлтээс ялгардаг. Эдгээрийг хангаж чадаагүй бол сайн дурын ажил биш. Ташрамд дурдахад, эдгээр шаардлагыг хангаагүй сайн дурын ажилд оролцсон гэрчилгээг гадаадын их, дээд сургууль гэх мэт томоохон байгууллага хүлээн зөвшөөрдөггүй юм билээ.
ГЭНЭТИЙН ОСЛЫН, ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛД ХАМРАГДАХ ЁСТОЙ
Сайн дурын ажлыг гадаадын улсуудад хэрхэн томьёолдгийг авч үзье. Австрали улс сайн дурынхантай ажилладаг нийтлэг стандарттай. Ийм ажил нь цалингүй бөгөөд цалинтай ажлыг орлохгүй гэсэн зохицуулалттай аж. Франц улсад сайн дурын ажилтныг тодорхойлохдоо аливаа ТББ, холбоонд санхүүгийн дэмжлэг авалгүйгээр тусалж буй хүнийг хэлнэ гэжээ. Испани улсын хувьд сайн дурын ажилтан нь цалин авахгүй ч үйл ажиллагааны явцад гарсан зардал болох сургалт, тоног төхөөрөмж зэргээр хангуулахаар зохицуулж. Ингэхдээ гэнэтийн ослын, эрүүл мэндийн даатгалд хамрагдах ёстой гэж 1996 оноос хэрэгжүүлж буй Сайн дурын үйл ажиллагааны тухай хуульдаа заасан байна. Англи улсад сайн дурын ажилтан нь ажил гүйцэтгэх явцад гарсан зардлаа авна. Харин цалин хөлс, тэтгэмж авахгүйгээр зохицуулсан. “Бусад улс орны сайн дурын үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомжид сайн дурынхныг дэмжих, нийгмийн асуудалд үр нөлөөтэйгөөр хувь нэмрээ оруулах боломж бүрдүүлэхэд нь анхаарсан байдаг” гэж Монголын сайн дурынхны төвөөс өнгөрсөн онд гаргасан “Залуучуудын сайн дурын ажлын удирдлага, зохион байгуулалт, хууль, эрх зүйн орчныг сайжруулах нь” судалгааны тайланд дурджээ. Дээрх улсуудын жишгээс Испанийнх улсынх анхаарал татна. Сайн дурын ажлаар хаашаа ч явж, хэнтэй ч уулзаж магадгүй учраас хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулахад нэлээд сайн анхаарчээ.
“PLAYTIME” ФЕСТИВАЛЬД САЙН ДУРЫНХНЫГ АЖИЛЛУУЛАХ ЁСГҮЙ ГЭВ
Хэрвээ ашиг олохыг зорьсон хэрнээ сайн дурынхныг ажиллуулбал хөдөлмөрийн мөлжлөгийн нэг хэлбэр болох аж. Тухайлбал, “Playtime” фестивальд оролцох нэг хүний тасалбарын үнэ 600 000 төгрөг. Тэгэхээр энэ нь ашгийн төлөөх үйл ажиллагаанд хамаарна. Гэтэл зохион байгуулагчдын зүгээс “Сайн дурын ажилтан авна” гэсэн зарлал гаргасан нь иргэдийг бухимдуулав. Сайн дурын үйлстнүүд ч үүнийг нь эсэргүүцсэн. Гэсэн ч зохион байгуулагчид нь бодлоо өөрчилсөнгүй. “Ашиг олох үйл ажиллагаанд сайн дурынхныг ажиллуулах нь хүүхэд, залуучуудын хөдөлмөрийг үнэгүйдүүлж, сайн дурын ажлын утга учрыг алдагдуулж байгаа хэлбэр. “Playtime” бол нийгмийн хөгжилд чиглэсэн, олон нийтэд тустай ажил биш, хөгжмийн наадам, шоу арга хэмжээ шүү дээ. Тиймээс хүмүүсийг ажиллуулах бол цалин хөлсийг нь өгөх ёстой” хэмээн Сайн дурынхны хөгжлийн төвөөс мэдэгдэв.
“Хөдөлмөрийн мөлжлөг гэдэг нь хүнийг ажиллуулчхаад хөлсийг нь өгөхгүй байх, хуулиар тогтоосноос бага цалин өгөх юм. Түүнээс биш, хөдөлмөрийн мөлжлөг гэх ойлголтыг манайд хуульчлаагүй. Ашгийн төлөө үйл ажиллагаа явуулаад, түүнд ажиллагсдад хөлс төлөхгүй бол хөдөлмөрийн мөлжлөг гэж үзнэ.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын нэршлээр бол энэ тохиолдол нь хөдөлмөрийн мөлжлөг мөн. Бусдын хүч хөдөлмөрийг үнэгүй ашиглаад, түүгээрээ ашиг олж байна шүү дээ. Гэхдээ хөдөлмөрийн мөлжлөгт гомдол гаргах эрх бүхий субъект нь та болон бид биш, тухайн хөдөлмөрөө ашиглуулж байгаа этгээд юм. Залуучуудад хандаж хэлэхэд, ашиг олж байгаа үйл ажиллагаанд сайн дураар оролцох нь хөдөлмөрөө үнэгүйдүүлэх, цаашлаад тухайн ажлыг зохион байгуулагчид хөдөлмөрийн мөлжлөг хийх, бусдыг хууран мэхэлж ажиллуулах нөхцөл бүрдүүлнэ. Тэгэхээр нь сайн дурын ажилтан биш, “Playtime” фестивальд үнэгүй ажиллах ажилтан авна” гэсэн зар тавих нь илүү оновчтой болов уу. Тэр тохиолдолд залуучууд үнэгүй ажиллаж болно. Хувь хүний сонголт шүү дээ. Ямартай ч энэ бол сайн дурын ажил биш” гэж “MN partners” компанийн гүйцэтгэх захирал Ц.Мөнхбат хэллээ. “Playtime” хөгжмийн фестивалийн үеэр сайн дурын ажилтанд өдрийн 50 000 төгрөг өгөх юм байна. Энэ нь олон улсын стандарт хэмжүүрээр сайн дурын үйл ажиллагаа биш. Тухайн хүн нийгэмд хувь нэмрээ оруулах зорилгоор сайн дурын ажил хийх ёстой. Харин шан харамж авсан бол стандартыг зөрчинө. Тухайн байгууллага ашиг олж буй хэрнээ залуучуудыг ашиглаж байна гэсэн үг” хэмээн Монголын сайн дурынхны холбооны хөтөлбөрийн захирал Х.Сэлэнгэ хэллээ.
АШИГ ОЛЖ БАЙГАА БОЛ БУСДЫГ ХУУРЧ МЭХЭЛСЭН ХЭРЭГ
Үүнтэй адил хөдөлмөрийн мөлжлөгийн нэгэн жишээ нь өнгөрсөн онд зохион байгуулсан “ICT expo”. Тус арга хэмжээнд харилцаа холбоо мэдээллийн технологийн 192 компани оролцож, 495 бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулан, гадаадаас 52 зочин иржээ. Экспод оролцогч байгууллагууд 4.8 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ борлуулж, 6.9 тэрбум буюу хоёр сая ам.долларын экспортын гэрээ байгуулсныг зохион байгуулагчид мэдээлж байлаа. Ийм ашиг олсон хэрнээ сайн дурынхныг ажиллуулж хөдөлмөрийн мөлжлөг хийсэн байгаа юм.
Дараагийн жишээ нь сонгуультай холбоотой. УИХ-ын ээлжит сонгууль ойртсонтой холбоотойгоор улс төрчид сайн дурынхныг ажиллуулна гэх зарлал гаргах болов. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 37.8-д“Ухуулагч нь сайн дурын үндсэн дээр ажиллах бөгөөд урамшууллын хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувиас хэтрэхгүй байна” гэжээ. Мөн тухайн иргэн хүсвэл ийм замаар мөнгөн бус хандив, хувь нэмэр оруулах боломжтой. Үүний талаар антропологич, хөгжил судлаач Г.Мөнх-Эрдэнэ “Slaventeering нь боолчлол болон сайн дурын ажил гэсэн үгийн нийлбэр юм. Сайн дурын ажил орчин цагийн боолчлол болсон гэж үзэх судлаачид бий. Капиталист нийгмийн боолоо бэлддэг олон аргын нэг гэж үзэж ч болно.
Сонгууль ойртоод нам, эсвэл нэр дэвшигч нар залуу хүн таныг сайн дураар ажиллуулах гэж байна. Янз бүрийн сургалтын төв, зөвлөгч нар “Сайн дурын ажил хийсэн бол тэтгэлэгт хамрагдах магадлал нэмэгдэнэ” гэж байгаа биз. Маш их ашиг олдог хөгжмийн наадам сайн дурын ажилтан авна гэсэн зар тавьсан байсан. “Чи юм сурна, хаанаас ч олохгүй туршлага шүү дээ. CV чинь баяжина” гэх мэтээр санал тавих нь олон. Гэвч та “slaventeering”-т өртөж байна уу гэдгээ тунгааж байгаарай” гэсэн байв.
“Залуучуудын сайн дурын ажлын удирдлага, зохион байгуулалт, хууль, эрх зүйн орчныг сайжруулах нь” судалгааны тайланд дурдсанаар манай улсад сайн дурын үйл ажиллагааг зохицуулсан бүтэц, тогтолцоо бий болгох, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах шаардлагатай байна. Салбарын яам, агентлагийн түвшинд залуучуудын сайн дурын үйл ажиллагааг хариуцсан 1-2 мэргэжилтэн ажилладаг. Ингэхдээ тэд үндсэн ажлынхаа хажуугаар үүнийг хариуцаж байгааг ч судалгаанд дурджээ. Эл ажлыг цаашид илүү боловсронгуй зохицуулалттай болгохын тулд Үндэсний сайн дурынхны стандарт журмыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран Монголын сайн дурынхны төв боловсруулж буй аж. Үүгээрээ сайн дурын ажилчдад тулгамдаад буй асуудлуудыг шийдэх гэнэ. Гэхдээ сайн дурын ажлын бусдаас ялгарах онцлогийг л уг журамд тусгасан. Түүнээс биш, сайн дурын үйлстнүүдийг ашиглан ашиг хонжоо хайгчдад хариуцлага хүлээлгэх тухай дурдаагүй аж. Тиймээс сайн дурынхныг ашиглаж буй байгууллагуудад хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох шаардлага ч цаашид үүсэх нь.
Бэлтгэсэн А.Тэмүүлэн