УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэр дэвшигчид зардлын дансны дугаар, банкны нэрийг энэ сарын 13-наас өмнө Үндэсний аудитын газарт мэдэгдэж, бүртгүүлэх ёстой. Эхний даваагаар болзлоо хангасан нэр дэвшигчид өчигдрөөс сонгуулийн хандивын дансаа зарлаж эхэлсэн байна. Тэд иргэний үнэмлэхийн хуулбар, дансны дугаар, банкны нэрийг баталгаажуулсан баримт болон бүртгүүлэх хүсэлтээ хавсаргаад төрийн аудитын газарт хандана. Аудитаас бүртгэсэн бол хандивын дансаа олон нийтэд зарлаж, дэмжлэг хүсэж болох аж. Иргэн 10, хуулийн этгээд 30 хүртэлх сая төгрөгийн хандивыг дэмжиж буй нэр дэвшигчдээ өгөх боломжтой юм.
Одоогоор 19 нам, хоёр эвслийн болон бие даагч нийт 1245 хүн нэр дэвшигчийн болзол хангаад буй. СЕХ-нд анх 1416 нэр дэвшигч материалаа ирүүлсэн ч 17 нь замын голоос шийдвэрээсээ буцаж, 154 хүнийг тодорхой шалтгаанаар бүртгэхээс татгалзаад байсан билээ. Тэгвэл татварын өр, бичиг баримт дутуу зэрэг шалтгаантай 104 хүн алдаагаа засаад хуулийн хугацаанд дахин СЕХ-нд хүргүүлсэн. Тэднийг бүртгэх, эсэхийг энэ долоо хоногт шийднэ.