Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу автобус худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх, тайлан, санал, дүгнэлтийг УИХ-д танилцуулах үүрэг бүхий хянан шалгах түр хорооноос өчигдөр нээлттэй сонсгол зохион байгуулав. Түр хорооны бүрэлдэхүүнд МАН-аас гишүүн П.Анужин, Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Ж.Чинбүрэн, АН-аас Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Одонтуяа болон ХҮН намын төлөөлөл Т.Доржханд нар багтаж буй юм.
Сонсголоор ногоон автобус худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулсан үндэслэл, шалтгаан, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан явц зэргийг хэлэлцсэн. Хоёр өдөр үргэлжлэх уг сонсголд нийт 98 гэрч дуудсан байна. Үндсэн тайлбар өгнө гэж үзсэн нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар, “Тэнүүн-Огоо” компанийн захирал А.Ганболд зэрэг гол гэрч ирсэнгүй. Засаг даргын зөвлөх байсан Д.Мөнх-Эрдэнэ даргыгаа хамгаалах оролдлого хийнэ лээ. Харин “түгжрэлийн сайд” асан Ж.Сүхбаатар гэрчээр оролцов.
АН-ын гишүүн Н.Ганибал энэ үеэр “2019 онд 177 тэрбум төгрөгөөр “нууц” ангиллаар бараа, үйлчилгээ худалдан авсан бол 2022 онд үнийн дүн нь 2.5 их наяд болж өссөн байна. Ногоон автобус үүний нэг л хэсэг. ТЕГ худалдан авах ажиллагааг нууцад хамруулах ямар эрх зүйн чадвартай вэ” хэмээн асуусан. Гэвч гэрчээр оролцож буй Сангийн яам, нийслэлийн ЗДТГ-ын албан тушаалтнууд бие бие рүүгээ шидээд тоймтой хариулт өгсөнгүй. Нууцад хамруулах, эсэхийг Төрийн болон албаны нууцын тухай хуулиар зохицуулдаг. Мөн Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай 2005 оны хуулийн 3.4 дэх заалтын дагуу хийсэн гэх мэтээр “толгой эргүүлэв”. Гэвч уг хуульд нь нийтийн тээврийн парк шинэчлэлтэй холбоотой заалт үгүйг түр хорооны ахлагч, гишүүн Ж.Бат-Эрдэнэ хэлэв. Тэрбээр “ТЕГ-аас нэг бичиг өгсний ард л та нар нуугдсан юм байна” гэлээ. Гишүүн Т.Доржханд “Гэрчүүд нь ямар даналзуур юм бэ. УИХ-ын гишүүнийг заналхийлж байна.
Засгийн газрын тогтоолын дагуу шууд худалдан авч болдог. Гэвч ийм тогтоолгүйгээр ногоон автобусыг авсан. Хуучин автобус нийлүүлсэн нь үнэн шүү дээ. “Евро-5” стандарттай автобус авна гэчхээд “Евро-2” авсны учир юу вэ” хэмээн асуусан. Сайд асан Ж.Сүхбаатарын хувьд эрхээ нийслэлд шилжүүлсэн, уг асуудалд хамааралгүй хэмээн мэдэгдэв. Нийслэлийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Баатархүү “Нууцад хамааруулсан зүйл байхгүй. Гэрээ болон бусад баримт бичигт “нууц” гэсэн тамга огт үгүй. Иргэдийн аюулгүй зорчих эрхийг хангахгүй болж, нийтийн тээврийн паркийг 100 хувь шинэчлэх шаардлага үүссэн байсан учраас бид “Евро-5” захиалсан, өөрчлөгдөж ирсэн нь гүйцэтгэлтэй холбоотой. Залилангийн шинж чанартай үйлдэл гэж үзэж байгаа” гэв. Мөн Засаг дарга Д.Сумъяабазарын гаргасан тогтоол явцын дунд заалт нь өөрчлөгдөж, нээлттэй байсан худалдан авах ажиллагааг хаалттай болгосон засварыг хэн хийснийг түр хорооны дарга хэдэнтээ давтаж асуусны дараа “Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй учир хэлэх боломжгүй” гэсэн хариу сонссон.
Үүний дараа автобус худалдан авсан гүйцэтгэгчийг хэрхэн шалгаруулсан талаар шинжээч дүгнэлтээ танилцуулав. Тэрбээр уг үйл явцад Төрийн болон албаны нууцын тухай хуулийг огт мөрдөөгүйг эхлээд онцолсон юм. Нийслэлийн Засаг даргаас 2022 оны арванхоёрдугаар сарын 23-нд захирамж гаргаж, худалдан авах ажиллагааг зохион байгуулах үүргийг Худалдан авах ажиллагааны газарт өгсөн аж. Үүний дагуу ажлын хэсэг байгуулж, 2023 оны нэгдүгээр сарын 10-нд “Тэнүүн-Огоо”, “Сутайн буянт”, “Трансбус”, “Эрдэм транс” зэрэг зургаан компани нэрээ ирүүлсэн юм байна. Сүүлд “Бул бул” гэдэг компани нэмэгджээ. Ажлын хэсгийнхэн “Тэнүүн-Огоо”-г онцолж, нэгдүгээр сарын 13-нд үнийн саналаа түрүүлэн хүргүүлээд материалаа бэлдэх долоо хоног өгсөн гэнэ.
Харин бусдад нь тухайн сарын 17, 19-нд хүргүүлмэгц 20-нд материалаа өгөх шаардлага тавьжээ. Бараг хагас өдрийн хугацаа өгсөн учраас “Бул бул” компани материалаа хүргүүлж амжаагүй юм билээ. Ажлын хэсгээс санхүүгийн биш, улсын бүртгэлийн гэрчилгээ, техникийн тодорхойлолт, сүүлийн таван жилд ижил төрлийн ажил гүйцэтгэсэн мэдээлэл зэргийг шаардсан гэнэ. Зургаан компаниас “Тэнүүн-Огоо”-гоос бусдынх нь материал дутуу хэмээн үзсэнээ 25 хоногийн дараа сая тэдэнд мэдэгдсэн аж. Уг нь тендерт шалгарсан, ялагдсан бүх компанид нэг өдөр хариу өгөх ёстой. Ажлын хэсгийнхэн “Тэнүүн-Огоо”-гийн техникийн тодорхойлолт дутуу гэж үзсэн ч засуулж авахаар “харж үзжээ”. Хуулиа биелүүлсэн бол ийм асуудлаар нэмэлт тодорхойлолт авалгүй хасах ёстой байсныг шинжээч хэлсэн. Ингээд давуу эрхтэй сонгосон компанийнхаа дутуу материалыг засуулж авсны дараа 80 хувийн саналаар “Тэнүүн-Огоо”-г тендерт шалгаруулахыг дэмжсэн байна. “Худалдан авах ажиллагаа хуулийн хүрээнд өрнөөгүй, ил тод биш, оролцогчдод тэгш боломж олгоогүй” хэмээн тэрбээр мэдээлсэн юм.
“Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганболд яллагдагчаар татагдсан учраас оролцуулах боломжгүй гэсэн мэдээллийг түр хороонд ирүүлсэн юм билээ. Мөн холбогдох, гол тайлбар өгөх ёстой хүмүүс нь шүүхээр шалгуулж байгаа, эрүүл мэндийн шалтгаантай гээд ирсэнгүй. Оронд нь дээрх компаниудын төлөөлөл иржээ. Тэднээс Н.Ганибал гишүүн “Нууцад авчихсан тендер шалгаруулах үйл явцыг яаж мэдэж, материалаа өгсөн бэ” хэмээн асуугаад “Нийтийн тээврийн газраас үнийн саналыг бидэнд ирүүлсэн. Гэхдээ үүнийг тендерийн сонгон шалгаруулалт гэж тодорхой ойлгоогүй, нарийн мэдээлэл өгөөгүй” гэсэн юм. Зохион байгуулалттайгаар дээрх компанийг онцолж шалгаруулсан гэсэн дүгнэлтийг гишүүд хийсэн юм. Сонсгол өнөөдөр үргэлжилнэ.