Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос өнөөдөр “Захиргааны хэм хэмжээний акт ба хүний эрх” сэдвийн хүрээнд хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хурлын эхэнд Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно гэж заасан бөгөөд тус хуулийн Зургаадугаар бүлэгт /59-72 дугаар зүйл/ Захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлага, төсөл бэлтгэх, санал авах, баталж хүргүүлэх, бүртгэх, хүчин төгөлдөр болох, хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх асуудлыг нарийвчлан зохицуулсан тухай мэдээллийг Комиссын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Ёндонжамц өглөө.
Тэрбээр үргэлжлүүлэн “Өнөөдрийн байдлаар 437 хуулиас 315 хуулиар Захиргааны хэм хэмжээ акт батлах эрх олгосон 2403 заалт бий. 2024 оны дөрөвдүгээр сарын байдлаар 2480 ЗХХА бүртгэлтэй, 850 бүртгэлгүй журам байна” гэв.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасны дагуу Комисс нь “хууль тогтоомж, захиргааны байгууллагын шийдвэрийн төсөл Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ, хүний эрхийн үндсэн зарчимд нийцэж байгаа эсэх талаар санал гаргах” чиг үүргийн хүрээнд 2021-2023 оны хугацаанд Захиргааны хэм хэмжээний актын 23 төсөлд хүний эрхийн асуудлаар 150 гаруй санал өгч ажиллажээ.
Захиргааны хэм хэмжээний актын төслийг бэлтгэн боловсруулж буй байгууллага, албан тушаалтан болон нөлөөллийн шинжилгээ хийх хүний нөөц, албан хаагчдын мэдлэг ур чадвар учир дутагдалтай байна. Зарим тохиолдолд нарийн мэргэжлийн шинжээч, судлаачдын түвшний мэдлэг, судалгаагаар тодорхойлогдох шаардлага гардаг. Тиймээс хэм хэмжээний акт, нөлөөллийн шинжилгээг бэлтгэх албан хаагчдыг чадавхжуулах шаардлагатай байна.
Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно.” гэж заасан хэдий боловч захиргааны хэм хэмжээний акт нь хүний эрхийг зөрчих тохиолдол цөөнгүй гардаг нь Комиссоос хийж буй судалгаа, дүн шинжилгээ, хяналт шалгалтын явцад илэрч, энэ талаар иргэдээс мөн гомдол, мэдээллийг ирүүлж байдаг.
ХЭҮК-оос ЗХХА / Захиргааны хэм хэмжээний акт/ нь хүний эрхийн үндсэн зарчимд нийцэж буй эсэхэд дүн шинжилгээ хийх ажлыг 2018 онд зохион байгуулж, нийтээр дагаж мөрдүүлэхээр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан 20, Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан 66, Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталсан 4, нийт 90 актыг судалж, дүн шинжилгээ хийхэд зөвхөн нэг захиргааны хэм хэмжээний акт бүртгүүлсэн байсныг Комиссоос Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилт хангагдахгүй байна гэж үзэж НИТХ-д Комиссын зөвлөмжийг хүргүүлж ажилласан.
Холбогдох хууль тогтоомжоор зохицуулаагүй, нийслэл хотод тулгамдаж буй асуудлаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон түүний Тэргүүлэгчдийн тогтоолоор нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан захиргааны хэм хэмжээний актыг Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хянуулж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэх асуудлыг шуурхай шийдвэрлэхгүй байгаагаас эдгээр захиргааны хэм хэмжээний акттай холбоотой иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй, тэдэнд чирэгдэлтэй, хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн нь дүн шинжилгээний явцад тогтоогдсон.
Нийслэлийн ИТХ-ын тогтоолоор нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн шинэчлэн баталж, бүртгүүлэх ажлыг шуурхай шийдэж, шийдвэрлүүлэхээр ХЭҮК-ын Зөвлөмж хүргүүлжээ.
Эх сурвалж: ХЭҮК