Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-оос Зэвсэгт хүчний Жанжин штаб болон нэгтгэл, анги, байгууллагын алба хаагчдын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, тэднийг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэх зорилготой сургалтыг өнөөдрөөс эхлэн 3 хоногийн хугацаанд зохион байгуулж байна.
Сургалтын нээлтийн ажиллагаанд Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, ЗХЖШ-ын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын дарга бригадын генерал С.Ванчинхүү, ХЭҮК-ын гишүүн, доктор, дэд профессор Б.Энхболд, ЗХЖШ-ын ЗУГ-ын дарга хурандаа Д.Дашзэвэг, Хуулийн хэлтсийн дарга хурандаа Б.Балжинням болон нэгтгэл, ангиудын холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб цэргийн алба хаагчдад хүний эрхийн боловсрол олгох чиглэлээр хамтран ажиллаж ирсэн туршлагатай. Цэргийн алба хаагчийн хүний эрхийн мэдлэгийг дээшлүүлэх, аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, соён гэгээрүүлэх ажлыг тасралтгүй явуулж байх нь туйлын ач холбогдолтой. Цэргийн алба хаагч гэдэг маш онцлогтой. Тодорхой хязгаарлалтын хүрээнд албан үүргээ гүйцэтгэдэг ч ямар эрхийг, ямар түвшинд хангаж, хамгаалах ёстой вэ гэдэг асуудлыг энэ удаагийн сургалтаар илүү тодруулж өгнө. Үүний зэрэгцээ хүний эрхийн салбарт гарч байгаа шинэ мэдлэгүүдийг цэргийн алба хаагчдад олгохоор зорьж байна” гэлээ.
Энэ үеэр бригадын генерал Ж.Болдбаатар Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд хүний эрхийг хангах талаар баримталж буй бодлого, үйл ажиллагаа, түүний хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө. Мөн “Хүний эрх хангагдаж байгаа газарт бусад эрхүүд ч хангагддаг. Тиймээс сургалтад хамрагдаж, хүний эрхийн сургагч багшаар бэлтгэгдэж байгаа бүрэлдэхүүн анги, байгууллагынхаа алба хаагчдын мэдлэг, ойлголтыг зузаатгаж, тэдний хүний эрхийн асуудалд цаг ямагт анхаарч ажиллах нь чухал” хэмээв.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Батлан хамгаалах яамтай 2022-2024 он хүртэл хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Санамж бичигт Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын болон хүмүүнлэгийн эрх зүйн гэрээ, конвенц, бусад хууль тогтоомжийг удирдлага болгон цэргийн алба хаагчдын хуульд заасан эрхийг баталгаатай хангуулах, цэргийн нэгтгэл, анги, байгууллага дахь дүрмийн бус харьцаа, хүний эрхийн аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цэргийн алба хаагчдад хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, Зэвсэгт хүчинд тавих иргэний хяналтыг хэрэгжүүлж, хоёр байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг олон зорилтыг тусгасан юм.
Энэ хүрээнд зохион байгуулагдаж буй дээрх сургалтаар төв, орон нутгийн 45 алба хаагч хүний эрхийн сургагч багшаар бэлтгэгдэж, өөрсдийн нэгтгэл, анги, байгууллагадаа хүний эрхийн мэдлэг ойлголтыг түгээх сургалтыг үе шаттай зохион байгуулах юм.