Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд зохион байгууллаа. Улсын Их Хурлын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02 дугаар тогтоолоор Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлсэн Д.Жавзандоржийг баталсан байдаг. Д.Жавзандорж нь Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам мяндаг тушаалыг хаших болсон, Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид өгсөн тул уг орон тоонд Ноовойн Нанзаддоржийг нэр дэвшүүлснийг сонсгол даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл сонсголын эхэнд танилцуулсан юм. Тэрбээр сонсгол зохион байгуулахтай холбогдох хуулийн заалт, сонсголын зорилго, дэгийг нэг бүрчлэн сануулж, сонсголын зарыг олон нийтэд нээлттэй түгээсэн гэв.
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн намтрыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцууллаа. Нэр дэвшигч Ноовойн Нанзаддорж нь 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. Тэрбээр 1981-1990 онд нийслэлийн ерөнхий боловсролын 47 дугаар дунд сургууль төгсөж, 1991-1995 онд Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпэл дацанд шавилан сууж, 1995-2000 онд БНЭУ-ын Goman Monastery University (Datsan)-ийн парчин дамжааг, 2000-2002 онд тус сургуулийн зод дамжааг, 2002-2004 онд умын дамжааг тус тус дүүргэж төгссөн. 2008 онд буддын гүн ухааны гавжийн дамжаа барьсан. Н.Нанзаддорж нь 2005–2008 онд Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд Захиргааны тэргүүлэгч, 2008-2016 онд тус хийдийн дэд хамба, 2005 оноос хойш Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпэл дацанд багшилж байгаа.
Сонсголын дэгийн дагуу нэр дэвшигч зорилго, төлөвлөгөөгөө танилцуулах үед тэрбээр буддын гүн ухааныг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хийж, бүтээж ирсэн ажлаа товч танилцуулан, сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр бурхны шашны нэр хүндэд харшлахуйц төөрөгдүүлсэн киног олон нийтэд цацаж байгааг анхааралдаа авна, буруу ташаа мэдээлэл тараахгүй байх чиглэлд ажиллана гэсэн юм.
Мөн Жавзандамба хутагт төв нийгэмд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг тул тэндээс нэр дэвшүүлсэн Н.Нанзаддоржийг Ерөнхийлөгч дэмжсэн гэв.
Нэр дэвшигчийн сонсголыг ийнхүү явуулж, тайланг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо