Улсын их хурлын 2024 оны сонгуулийн дараа биднийг 126 гишүүн төлөөлнө. Ингэхдээ 78-ыг нь тойргоор, 48-ыг нь жагсаалтаар сонгоно. Тэдний аль аль нь сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс өмнө ажлаа хүлээлгэж өгсөн байх ёстой. Учир нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29.4-т зааснаар Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн эхний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна. Энэ дагуу Ерөнхий аудитор Д.Занданбат үүрэг ажлаасаа чөлөөлөгдсөн. Тухайлбал, Улсын Их Хурлын 2019 оны 46 дугаар тогтоолоор Доржсүрэн овогтой Занданбатыг Монгол Улсын Ерөнхий аудиотороор томилсон бөгөөд Д.Занданбат нь Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуульд нэр дэвшихээ илэрхийлж, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэг, Төрийн аудитын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь заалтыг үндэслэн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Ерөнхий аудитороос чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн тул Төсвийн байнгын хороогоор хэлэлцэж баталсан.
Тэрбээр Үндэсний аудитын газрын даргаар томилогдохоосоо өмнө Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан бөгөөд 1991 оноос Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс ажлын гараагаа эхэлж байжээ. Төрд 32 жил ажиллахдаа дэндүү хөрөнгөжсөн түүнийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг зөрчсөн гэдэг үндэслэлээр ТЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажлаас чөлөөлж байсан. Д.Занданбат энэ удаад Өмнөговь аймгаас нэр дэвших хүсэлтээ намынхандаа уламжилсан хэмээн бор шувуу жиргэж эхэлжээ. Түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг сонирхуулъя.
Жилийн орлого: 54 сая төгрөг
Гэр бүлийн орлого: 56 сая төгрөг
Үл хөдлөх: 808 сая төгрөгийн үнэ бүхий нийтийн орон сууц 1, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх 1, авто зогсоол 1
Автомашин: 60 сая төгрөгийн үнэ бүхий Porsche, Cayenne- 1
Хадгаламж: 4.365.000 төгрөг
Д.Занданбат Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс Ерөнхий аудитор болсон жилдээ хөрөнгө нь 19 саяас 189 сая 500 мянга болтлоо огцом өсөж байсан түүхтэй. Мөн иргэн Д.Мөнх-Эрдэнийн шууд бичлэгийн үеэр “Би 10-20 мянган төгрөгийн зангиа зүүдэг” хэмээн хэлсэн нь олны дургүйцлийг хүргээд байв. Учир нь түүний ажлын өрөөнд буй зангианууд нь дэлхийн алдартай брэндийн үнэтэй зангианууд байсан юм.