“Ард түмэн бол цагаан цаас. Түүн дээр юу дуртайгаа бичиж болно”. Энэ бол Хятадын коммунист намын удирдагч Мао Зэдуны алдарт ишлэл. Яг үүн шиг ард түмэн өнөөгийн эрх баригчдын нүдэнд “цагаан цаас” гэж харагддаггүй бололтой. Төрийн “хатан” эх Д.Сарангэрэл ард иргэдээ “улныхан” хэмээн дуудаад, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаа өгч байлаа. Тэрбээр энэ талаараа “Ул гэдэг үгийг хэрэглэдэггүй гээд дэд сайд яриад зогсож байна. Гэтэл яамны ажил хариуцсан хүмүүс чинь 2008 оноос хойш энэ үгийг хэрэглэж, судалгаанд ашигласан гэдгийг хэд хэдэн дарга хэлсэн. Үүнийг мэдэхгүй явна гэдэг гутамшиг. Түүнээс гадна үүнийг хэлсэн хүмүүсийг буруутгах хэрэггүй. Харин ч баярлах ёстой. Халамжийн ажилтнууд айлуудаар яваад амьжиргааны түвшин доогуур зорилтот бүлэг гэж хэлээд байгаа үзүүлэлтэд нь багтахгүй, шугамаас доогуур байгаа айлуудаа арга буюу ингэж нэрлэдэг. Манай Монголчууд үг хөөхөөр үхэр хөө гэдэг юм. Үхэр гэдэг үгийг тэр ядуу айлуудаа гэж ойлгоорой” хэмээсэн.
Уг сенсаци мартагдаагүй байхад хотын мээр маань дахиад л биднийгээ “доромжиллоо”. Автомашиныг тэгш, сондгойгоор хуваарилан явуулах гэнэтийн шийдвэрийг нь эсэргүүцсэн иргэдийг “бядгүй масс”-аар нь цоллож, үзэл бодлоо илэрхийлсэн сэтгүүлчийг “Сэтгүүлч шүү ухаантай юм” гэв. Иймд Үндсэн хуулийг зөрчсөн гэх шалтгаанаар мөн албан тушаалаа хүлээлгэн өгөх нь зөв. Учир нь Монгол Улсын Үндсэн хуульд “Хүний яс үндэс, угсаа гарал, арьс өнгө, эрхэлж буй ажил хөдөлмөр, нийгмийн байдлаар нь ялгаварлан гадуурхахыг хориглоно” гэж заасан байдаг. Хотын даргын эл үг Д.Сарангэрэл гишүүний хэлсэн үгтэй агаар нэг "доромж" утгатай. Сэтгүүлчийг ч эрхэлж буй ажил хөдөлмөрөөр нь доромжилжээ.
Гэвч ширэн нүүртэй хотын дарга өөрийнхөө хэлснийг зөв гэдэгт бат итгэсэн бололтой, өөрийнхөөрөө зүтгэж, тус сэтгүүлчийг цахим орчиндоо “блоклов”. Нэгэнтээ ахиж нэр дэвшихгүй гэдгээ зарласан тэрбээр иргэдээ ингэж дуудсанаа ёс зүйтэй үйлдэл гэж бодсон бололтой. ХЗДХ-ийн сайдын албан тушаалд ажиллаж байх үед нь хүний эрхийн зөрчил, шүүхээс гадуур албадан хорих явдал хэрээс хэтэрч байгааг олон улсын байгууллагууд хүртэл анхааруулсан байдаг. Гэтэл тэр Нийслэлийн Засаг дарга болоод ч ухаарсангүй. Тэгш, сондгойгоор явах гэнэтийн шийдвэр гаргангуутаа зөрчсөн жолоочийн эрхийг хасна хэмээн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ярьж, эрх мэдлээ хэтрүүлэв. Уг нь тус зөрчилд Зөрчлийн тухай хуулиар торгох ялтай болохоос жолооны эрхийг нь хасах хуулийн зохицуулалт байхгүй. Хууль давсан журам байхгүйг цагдаагийн албан хаагчид хэлсээр байхад ийм увайгүй үйлдэл гаргасан нь ард түмнийгээ дорд үзэж байгаа нь илт.
Хэн байснаа бүү март гэдэг. Хэний санал, дэмжлэгээр энэ хэмжээнд хүрчихээд хэнд ихэрхээд байгааг нь сануулах цаг мөдхөн ирнэ. Сонгууль хаяанд ирлээ. Өнгөрсөн гурван жилийг ой санамжгүй иргэд мартлаа гэхэд өвлийн дүн хүйтнээр шатахуун хязгаарлаж, ядаж л дулаан түгжрэх боломжийг нь хааж, даарч бээрэн автобусны хаалганд хавчуулагдан байж хөл залгаж байгааг нь бядгүй масс мартахгүй. Эрх баригчдын ихэрхүү занд ард түмэн бяраа үзүүлэх өдөр мөдхөн ирнэ.