“Ажлын гурван өдөр алхаж, ирдэггүй автобус, олддоггүй такси “царайчлах” болсны чинь шалтгаан нь зүгээр л таны автомашины дугаар гээд бод доо. Өмчөө захи-
ран зарцуулах, үр хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь ч машинаар хүргэх эрхгүй. Өөрийг нь ингэж удирдаж буй нам, засагтаа дэндүү хайртай, сонин ард түмэн”
Томуу, томуу төст өвчний тархалт, цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан гаргасан гэх мугуйд, харгис гэмээр гэнэтийн шийдвэрүүд(сурагчдыг цахимаар хичээллүүлж, автомашинуудыг улсын дугаараар нь ангилан замын хөдөлгөөн доролцуулах болсон)-тэй нүүр тулсан нийслэлчүүд хэлэх үгээ олж ядан, бухимдал, шүүмжлэлийн үгээ олон нийтийн сүлжээнд ийнхүү бичиж байна.
Иргэдийнхээ амь, эрүүл мэндийг бодож л ийм шийдвэр гаргасан мэтээр учирлаж, амаргүй, хүнд цаг үед улс, хотыг удирдаж байна хэмээн сав л хийвэл ялархал, тунирхлын үг хаядаг дарга нарын туйлын зорилго нь нийслэлчүүдийг туйлдуулж, сөхрүүлэх гэлтэй санагдах боллоо.
Манай улс цар тахлын үед ерөнхий боловсролын сургуулиудыг урт хугацаанд цахимаар хичээллүүлсэн. Үүнээс үүдэлтэй хоцрогдлыг бүрэн нөхөж чадаагүй, сурагчдын мэдлэг, ур чадварын түвшин нийтээрээ тааруу байгаа нь дотоодын ЭЕШ болон олон улсын PISA зэрэг үнэлгээгээр “илэрсэн” энэ цагт ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэн нь дэндүү хариуцлагагүй, харалган зохицуулалт боллоо.
Зарим нь үүнийг шатахууны хомсдол, түгжрэлийн асуудлыг “намжаах” далд бодлого, зорилготой шийдвэр гэж хардаж байна. Тэгж сэрдэх ч үндэслэлтэй. Сошиал дахь сэтгэгдэл, олон нийтийн хандлагаар ажлаа явуулдаг дарга нар “Хүйтэнд цэцэрлэг, сургуулиа амраагаач” хэмээн хашхирсаар ирсэн хэсэг бүлэг хүний хүслийг гүйцэлдүүлэхээр ийм алхам хийсэн гэж “оношилсон нь” ч буй. Бас л магадлалтай. Иргэдийг нунж дорой, амьдрах чадамжгүй, харанхуй бүдүүлэг байлгаж, халамж, тэтгэмжээр бөөцийлөхийг зорьдог гол бодлогоо үүгээр үргэлжлүүлж байна хэмээн үзэх хүмүүс ч бий. Эдгээр шалтгааны аль нь ч байлаа гэсэн энэ бол цагаа, нүдээ олоогүй, бодит нөхцөл байдалд нийцэмгүй, Үндсэн хуулиар тунхагласан иргэдийн үндсэн эрх, эрх чөлөөг ноцтойгоор зөрчсөн шийдвэр юм.
Монгол Улсын, тэр дундаа нийслэл хотод амьдарч буй иргэдийн эрх, эрх чөлөө хүрээлэн буй орчны эрүүл, аюулгүй байдлаас эхлээд олон хүчин зүйлийн нөлөөгөөр хязгаарлагдаж, зөрчигдөж буй. Улс төрчид, удирдах түвшний хүмүүсийн гаргасан энэ мэт шийдвэрүүд нөхцөл байдлыг улам дордуулж, тартагт нь тулгаж байна. Муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэгч үг л үүнд тохирох юм шиг. Нэгэн иргэний хэлсэнчлэн амьдрахын, амьд үлдэхийн төлөөх ширүүн тулаан, харгис тэмцэл Монголын нийслэлд жинхэнэ утгаараа өрнөсөөр. Өнөө цагийн улаанбаатарчууд ямар их саад бэрхшээлийг сөрж, эрх, эрх чөлөөгөө хязгаарлуулж байгааг ойрын, цөөн жишээгээр цухас дурдъя.
ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИН АЛГА
Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэдийн баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөөг тусгасан байдаг. Үүний тэргүүн хэсэгт “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах” хэмээх заалт бий. Харамсалтай нь, нийслэлчүүд энэ эрхээ эдэлж чадахгүй, үлэмж ихээр хохирч байна. Агаар, хөрс, усны бохирдол хотын төв, захын бүс, орон сууц, гэр хороололгүй гаарснаас иргэд харшил, халдвараас эхлээд хавдраар хүртэл өвчлөх боллоо. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрынхан Зайсан орчмын орон сууцын хотхон, хорооллын айлуудын ундны уснаас гэдэсний халдвар үүсгэгч нян илэрснийг саяхан олон нийтэд зарласан. Энэ бол өнөөгийн Улаанбаатарын, иргэдийн амьдарч буй орчны бодит байдал юм.
Аюулгүй орчин гэдэгт гэр, ажил, сургууль, цэцэрлэгээс эхлээд нийтийн эзэмшлийн гудамж, талбай гээд хүнтэй харилцан үйлчлэлд буй бүх газар хамаарна. Үнэндээ Улаанбаатарт хүнд зориулсан, ээлтэй гэх орон зай, төлөвлөлт, байгууламж нэгээхэн ч үгүй. Нэгэн мэргэжилтний хэлснээр 100 метр газарт ч тайван алхах боломж үгүй. Иргэд нийтийн эзэмшлийн гудамж, талбайд зорчиж байгаад л барилгын материалд даруулж, амиа алдах эрсдэл энүүхэнд. Гэр, ажил, сургууль, цэцэрлэгийнхээ ойр орчимд, тэр ч бүү хэл, явган хүний гарцан дээр машинд дайруулж эндэх аюултай. Мөсөн гулгуурын талбай болтлоо гөлийж мөлчийсөн халтиргаатай замаас болж өвөл хэчнээн иргэн эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирдог юм, бүү мэд. Амьсгалах агаар нь хортой, уух ус нь нянтай хотод иргэд эрүүл байх үндэс бий гэж үү.
Эрчим хүчний хэрэглээ нэмэгдсэнтэй холбогдуулан нэгдсэн сүлжээний ачаалал ихэссэн үед нийслэл, орон нутгийн зарим байршилд цахилгаан хязгаарлахыг эрх бүхий байгууллагаас мэдэгдээд буй. Энэ тохиолдолд ч иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийн асуудал хөндөгдөнө. Ус, дулаанаа төвийн шугам сүлжээнээс хангадаг орон сууцын айлуудын хувьд цахилгаан бол суурь хэрэглээ, хамгийн чухал зүйл нь билээ. Наанадаж л паар нь хөлдөнө, тухтай бие засах ч аргагүй болно, хоол, цайгаа залгуулах боломжгүйд хүрнэ.
ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ БОЛОМЖГҮЙ
“Монгол Улсын иргэн улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих эрхтэй”. Үндсэн хуульд мөн л ингэж тунхагласан байдаг. Үүгээр зогсохгүй түр болон байнга оршин суух газраа сонгох, гадаадад оршин суух, эх орондоо буцаж ирэх эрх эдэлнэ. Хачирхалтай нь, Монгол Улсын нийслэлд амьдарч буй иргэд хот дотроо чөлөөтэй зорчих ч аргагүйд хүрээд байна. Авто замын түгжрэл, ачааллыг бууруулах шийдэлгүй, чадамжгүй дарга нар тээврийн хэрэгслийг улсын дугаараар нь ангилж, хөдөлгөөнд оролцуулах журмыг 2012 оноос хойш алдаг оног, хагас дутуу хэрэгжүүлсээр энэ цаг үед улам “төгөлдөржүүлэв”.
Саяхныг болтол буюу хотын даргыг өнгөрсөн ням гарагт шинэ шийдвэрээ танилцуулах хүртэл автомашинуудыг улсын дугаарынх нь төгсгөлийн цифрээс хамааран долоо хоногт нэг удаа хотын төвийн хязгаарласан бүсэд нэвтрэхийг хориглодог байв. Тэгвэл энэ сарын 18-наас эхлээд тээврийн хэрэгслүүдийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор нь ангилж, долоо хоногт сөөлжлөн явуулахаар болов. Иргэн Болд өмнө нь долоо хоногийн нэг өдөрт хотын төв рүү автомашинтайгаа нэвтэрч чаддаггүй байсан бол одоо 3-4 өдөрт нь хязгаарлалтад орлоо. Хүүхдээ сургууль, цэцэрлэгт машинаар хүргэдэг, холоос явдаг, хотын төвд ажил албатай хүмүүс автобус, такси “бараадахаас” аргагүйд хүрэв. Гэвч автобус, такси нь хүрэлцэхгүй, олдохгүй буйгаас иргэд тэсгим хүйтэнд тэвчээр заан алхахаас өөр замгүй болоод байна. Өвчний тархалт, өвөлжилтийн нөхцөл зэргийг харгалзаж шийдвэр гаргасан бол хахир хүйтнээр иргэдийнхээ хөл залгуулах унааг “акталж”, явган алхуулахгүй л байлаа. Үнэхээр л хүүхэд багачуудыг эрсдэлээс хамгаалахыг бодсон бол цэцэрлэгийн жаалуудыг анхаарлын гадна үлдээх ёсгүй байсан юм. Дугаарын хязгаарлалтыг өргөжүүлсэн энэхүү шийдвэр нь иргэдийн зорчих эрхийг хязгаарлаад зогсохгүй өмч хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах, ажил, хөдөлмөр, хувийн аж ахуй эрхлэх зэрэг эрхэд ч давхар халдаж байна. Тиймээс л иргэд үүнийг нийтээрээ эсэргүүцэж буй.
БОЛОВСРОЛЫГ ХОЙШ ТАВЬСААР
Бага буюу I-V ангийн сурагчдыг цахимаар хичээллүүлж эхэлсэн нь Монгол Улсын иргэний сурч, боловсрох үндсэн эрхэд халдсан, ухвар мөчид шийдвэр боллоо. Манай улс цар тахлын үед ерөнхий боловсролын сургуулиудыг урт хугацаанд цахимаар хичээллүүлсэн. Үүнээс үүдэлтэй хоцрогдлыг бүрэн нөхөж чадаагүй, сурагчдын мэдлэг, ур чадварын түвшин нийтээрээ тааруу байгаа нь дотоодын ЭЕШ болон олон улсын PISA зэрэг үнэлгээгээр “илэрсэн” энэ цагт ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэн нь дэндүү хариуцлагагүй, харалган зохицуулалт боллоо. Цахим хичээл үр дүнгүйг өнгөрсөн хугацаанд хангалттай баталсан атал урьдчилан мэдэгдэж, бэлтгэл хангуулалгүй гэнэт ингэж шийдсэн нь үүнээс үүдэлтэй хожмын үр нөлөөг тооцоогүй, сурагчдын эрх ашгийг үл хүндэтгэсэн явдал гэж дүгнэж болохоор байна.
Гэртээ хамт байх хүнгүй, хичээлээ үзэх цахим хэрэгслээр хангагдаагүй хүүхдүүд энэ өдрүүдэд хэрхэх вэ, ханиад, томуу дэгдэж, хүйтрэх бүрд ийм арга хэмжээ авч, сурагчдыг буруу “эрхлүүлсээр” байх уу гээд тодорхойгүй, эзэнгүй асуулт өчнөөн.
АМЫГ НЬ ХАМХИХ ОРОЛДЛОГО
Автомашиныг тэгш, сондгой дугаартайгаар нь ангилж явуулах шийдвэрийг эсэргүүцэн замын хөдөлгөөнд оролцох үедээ нэгэн телевизэд ярилцлага өгсөн жолоочийг цагдаагийн байгууллагаас нөхөж торгосон гэсэн мэдээлэл нийгмийн сүлжээнд өчигдөр тархав. Түүнийг цагдаагийн албан шаардлагыг биелүүлээгүй гэх шалтгаанаар, Зөрчлийн тухай хуулийн дагуу 250 мянган төгрөгөөр торгосон гэнэ.
Тодруулбал, замын хөдөлгөөнд оролцох үед нь бус, телевизээр “гарсных” нь дараа шийтгэл ногдуулсан юм байх. Энэ бол захиргаадалтын шинжтэй, нийтийн эрх ашигт харшилсан шийдвэрээ хэрэгжүүлэх явцдаа хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх эрхэд халдсан явдал юм. Хамгийн сүүлийн жишээ болгож үүнийг дурдсанаас биш, иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрхэд ийм байдлаар халдсан тохиолдол өчнөөн. Жирийн иргэд байтугай сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын дуу хоолойг хорьж, үйл ажиллагаанд нь саад учруулсан явдал ч сүүлийн үед гарсаар байгаа. Товчхондоо, нийслэлийн иргэд эрхийн хязгаарлалтад “дөнгөлүүлсээр” амьд явах, аятай тухтай амьдрах ч аргагүйд хүрчээ.