Улсын их хурлын 2024 оны сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, 126 гишүүн сонгоно. Ингэхдээ 78-ыг нь тойргоор, 48-ыг нь жагсаалтаар сонгоно. Тэдний аль аль нь сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс өмнө ажлаа хүлээлгэж өгсөн байх ёстой. Учир нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29.4-т зааснаар Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн эхний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна:
29.4.1.төрийн жинхэнэ албан хаагч;
29.4.2.төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан;
29.4.3.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал ажлаасаа чөлөөлөгдөнө гэж заажээ.
Тэгвэл УИХ-ын гишүүнд горилогчид энэ сард ажлаа өгөхөөр яригдаж байна. Одоогоор дараах нэрс тодорсныг багцлан хүргэе.
- Татварын ерөнхий газрын дарга Батжаргалын Заяабал
Б.Заяабал Увс аймагт нэр дэвших нь тодорхой болоод буй. 2004 онд АНУ-ын Калифорнийн их сургуульд суралцахдаа Боловсролын зээлийн сангаас 34 мянган ам.доллар буюу 117 сая төгрөгийн зээл авч суралцаж байжээ. Гэхдээ зээлээ төлөлгүйгээр БСШУ-ны сайдын 2016 оны зургадугаар сарын 23-ны өдрийн А/260 тоот тушаалаар тэглүүлжээ.
- Монголын хөрөнгийн биржийн захирал Х.Алтай
Монголын хөрөнгийн биржийг удирдаж явсан Х.Алтай нийслэлд нэр дэвших сонирхолтой. Гэвч одоогоор аль тойрог нь тодорхой болоогүй байна. Х.Алтай “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар 2011-2014 оны хооронд ажиллаж байсан. МУИС-ийг эрхзүйч мэргэжлээр төгсөж, уул уурхайн чиглэлээр Швейцарьт ажиллаж байгаад “Бороо гоулд” компанийн Засгийн газартай харилцах албанд ажилласан. Үүний дараа Ерөнхий сайд асан С.Баярын шадар туслах болж байсан товч намтартай.
- Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван
Г.Энхтайван төрсөн нутагтаа буюу Төв аймагт нэр дэвших магадлалтай. 2020 оны сонгуулийн дараа Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр томилогдсон түүнийг УИХ-ын дарга Г.Занданшатарын ойрын хүн гэх яриа бий. Тэрбээр 2007-2011 онд Монгол Улсын Санхүүгийн Зохицуулах Хороонд Даатгалын хэлтсийн хяналтын мэргэжилтэн, Олон улсын хамтын ажиллагааны газрын ахлах ажилтан, 2011-2012 онд Гадаад харилцааны яамны Эдийн засгийн хамтын ажиллагаа, гадаад худалдааны хэлтсийн атташе, Лондон дахь “Bank of America Merrill Lynch”-ны шинжээч, 2015-2018 онд Хөдөө аж ахуйн давхар даатгалын корпораци болон, Монголын үндэсний давхар даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ.
- Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан
1997 оноос Сангийн яамны Бүтцийн өөрчлөлт, өмчийн хэлтсийн мэргэжилтнээр ажлын гараагаа эхлүүлж, 1998 онд “Түмэн Аюуш” ХХК-д захирал, 2006 онд Дэлхийн банкны “Тогтвортой Амьжиргаа” төслийн зохицуулагч, 2010 онд СЗХ-ны дэргэдэх Бичил санхүүгийн орон тооны бус бодлогын зөвлөлийн гишүүн, 2012 онд Бичил Санхүүгийн Хөгжлийн Сангийн гүйцэтгэх захирал, 2016 оноос СЗХ-ны Орон тооны гишүүн бөгөөд дэд даргаар ажиллаж байгаад 2019 оноос СЗХ-ны даргаар ажиллаж буй. Түүнийг МАН-аас сонгогдох цөөн хэдэн чадварлаг боловсон хүчний нэг гэх юм билээ.
- “Хөтөл цемент шохойн үйлдвэр” ХК-ийн захирал Л.Наранбаатар
2021 онд МАН-д гишүүнээр элсэж, одоогийнхоо албан тушаалаар “шагнуулсан” ч томилогдсон цагаасаа хойш ажилдаа ирдэггүй, хойрго ханддаг гэх хэл ам тасраагүй тэрбээр захирлын албан тушаалаа өгч, сонгуулийн ажилдаа ханцуй шумлан орсон талаар олон нийт жиг жуг гэлцэж байна.
- ҮАБЗ-ийн дарга Ж.Энхбаяр
“ЖДҮ”-чин гэх нэр зүүж, 2020 оны сонгуулийг өнжсөн Ж.Энхбаяр энэ удаад өнжихгүй бололтой. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн итгэлт цөөн хүний нэг гэх түүнийг МАН-аас нэр дэвшүүлэхээр аль хэдийн тохироо хийсэн гэнэ. 2012-2020 онд УИХ-ын гишүүнээр хоёр ч удаа сонгогдон ажилласан. Гэвч албан тушаал, эрх мэдлээ урвуулан ЖДҮХС-гаас их хэмжээний үээл авсан хэрэгт холбогдож, 2020 оны сонгуулиар өрсөлдөж чадаагүй. Харин Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн штабыг удирдан орж ялалт байгуулснаар ирэх жилд өрсөлдөх эрхээ авчээ. Түүнийг Сэлэнгэ аймагт нэр дэвшиж магадгүй гэв.
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн
Сандагийн Магнайсүрэн нь Говь-Алтай аймагт төрж өссөн, эрх зүйч мэргэжилтэй, УИХ-ын Тамгын газарт туслах, зөвлөх, Нарийн бичгийн дарга, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т Тамгын газрын дарга, ХХААЯ-нд Сайдын зөвлөх, Сангийн яаманд Газрын дарга, Хөдөлмөрийн яам /тухайн үе/-нд ТНБД-аар, 2015 оны аравдугаар сараас Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан туршлагатай. 2023 оны есдүгээр сараас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ТНБД-аар ажиллаж буй. Түүнийг төрөлх нутгаасаа нэр дэвшиж магадгүй гэх юм билээ.
- Ерөнхий аудитор Д.Занданбат
Үндэсний аудитын газрын даргаар томилогдохоосоо өмнө Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан бөгөөд 1991 оноос Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс ажлын гараагаа эхэлж байжээ. Төрд 32 жил ажиллахдаа дэндүү хөрөнгөжсөн түүнийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг зөрчсөн гэдэг үндэслэлээр ТЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажлаас чөлөөлж байсан. Д.Занданбат энэ удаад Өмнөговь аймгаас нэр дэвших хүсэлтээ намынхандаа уламжилсан хэмээн бор шувуу жиргэж эхэлжээ.
- Эрчим хүчний дэд сайд Н.Тавинбэх
Албан тушаалаа өгөх сураг дуулдсан дараагийн эрхэм бол Эрчим хүчний дэд сайд. Түүнийг Шадар сайдын тойрог болох Налайх, Багануурыг овоо хараандаа авсан гэх яриа ч бий. Одоогийн Засгийн газарт түүнийг “мэргэжлийн” боловсон хүчин хэмээн тодорхойлдог. Учир нь Н.Тавинбэх ШУТИС-ийг цахилгааны инженер мэргэжлээр дүүргэж, Багануурын цахилгаан станцаас ажлын гараагаа эхэлж байжээ.
- НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат
Төрөөс төрсөн баячуудын нэг гэгддэг Б.Мөнхбат НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон улмаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын даргаар тав дахь жилдээ ажиллаж буй. Б.Мөнхбатын жилийн орлого л гэхэд 240 сая давдаг. Энэ нь өнгөрсөн оныхоос даруй 150 сая төгрөгөөр огцом өссөн үзүүлэлт юм. Гэр бүлийнх нь орлого мөн адил огцом өссөн. 2021 онд 0 байсан орлого нь 2022 онд 472 сая төгрөг болжээ. 978 сая төгрөгийн малтай, 709 сая төгрөгийн орон сууцтай. Түүнийг өөрийн тойрог болох Чингэлтэй дүүргээс нэр дэвшиж магадгүй хэмээн ойр тойрныхон нь ярьж байна.