Тэрбээр УИХ-д сонгогдсон сэтгүүлч гишүүдийн нэг. Эрх мэдэл, мэдээлэлд ойр байдлаа ашиглан улсаас хэдэн тэрбум төгрөгөөр нь “идсэн” ангийн зарим гишүүнийхээ дэргэд тэр бол бараг “энхийн цагаан тагтаа”. М.Оюунчимэг Ленинградын улсын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр дүүргэж, АНУ-ын Оклахома мужийн Улсын их сургуульд сэтгүүл зүйн магистрын зэрэг хамгаалжээ. Тухайн үедээ л орос, англиар чөлөөтэй ярьдаг цөөхөн сэтгүүлчийн нэг байлаа. Монголын үндэсний телевизээр овоглодог байсан түүнийг “Сайн сэтгүүлч” гэж тодотгож болно. Харин хоёр дахь парламентын бүрэн эрхээ дуусгах гэж буй улс төрчийнх нь хувьд “сайн” гэж үнэлж чадахгүй нь. 1995-2009 онд тэрбээр “Монголын мэдээ” агентлагийн редактороос захирал хүртэл нь ажиллаад 2009 оноос Засгийн газрын Хэвлэлийн албаны дарга, Ерөнхий сайд Сү.Батболдын хэвлэлийн төлөөлөгчөөр томилогдсон юм. Ингэж улс төрд хөл тавьж, улмаар 2016 онд парламентын гишүүнээр сонгогдов. Энэ хугацаанд тэрбээр Өргөдлийн болон Нийгмийн бодлогын байнгын хороог удирдан ажилласан байна.
М.Оюунчимэг гишүүн эрх мэдлээ хэрхэн ашиглахад таван жилийн турш суралцсан бололтой юм. 2021 оны нэгдүгээр сард түүний хүү Б.Энхмөрөн хэмээх 26 настай залуу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын даргаар томилогдсон. Уг албан тушаалд төрийн албанд найм, үүнээс дэд түшмэлийн албанд дөрвөөс доошгүй жил ажилласан, мэргэшүүлэх багц сургалтад хамрагдсан хүнийг томилох хуультай. Гэтэл тус шалгуурт огтхон ч тэнцэхгүй шавилхан залуу эрх мэдэлтэй албан тушаалд шууд очсоныг УИХ-ын гишүүн ээжтэй нь холбохоос аргагүй.
Тухайн үед нийтийг хамарсан цар тахал дэгдсэн, хүмүүсийн анхаарал уг өвчнийг хэрхэн давахад төвлөрсөн байв. УИХ-аас баталсан “Цар тахлын” тухай хуулиар далимдуулан энэ мэт олон томилгоог ар, өврийн хаалгаар хийсэн байдаг. Хуульд заасан туршлага, шаардлагыг хангахгүй хүүхдээ улс орны нөхцөл хүнд үед хариуцлагатай, худалдан авах эрх мэдэл бүхий албан тушаалд томилуулсан нь улс төрчийн ёс зүйгүй үйлдлийн тод жишээ. Үүгээр дамжуулан “идэж уух” сэдэл байсан гэж хардах эрх бидэнд бий. Гэвч энэ булхай нь хоёр сарын дараа ил болж, нийтээр шүүмжлээд эхэлмэгц хүү нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн билээ. Монголоос өөр оронд бол энэ нь УИХ-ын гишүүнээс огцрох хангалттай шалтгаан болно.
Мөн 2016-2020 оны парламентын 49 гишүүн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас гурван хувийн хүүтэй зээлийг эрх мэдлээ далимдуулж авсны дотор тэрбээр багтдаг юм. “Бест авто тюнинг”, “Уран хийц” ХХК, иргэн н.Энхтөгс нарын нэрсийг тэрбээр “тусгай захиалга”-тайгаар оруулсан ч эхний компанид нь л 500 сая төгрөгийн зээл олгосон тухай мэдээлэл бий. “Бест авто тюнинг” ХХК нь зээл авах хуулийн шаардлага хангаагүй ч түүний багын найзынх учраас ийнхүү дээрээс нь “мундагдуулсан” гэдэг. Хэдийгээр М.Оюунчимэг гишүүн үүнийг тухайн үедээ үгүйсгэсэн ч намын нөхөд нь баталсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, С.Бямбацогт нар 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд мэдээлэл хийж, “Удирдах зөвлөлийн 29 гишүүний зургаа нь ЖДҮХС-гийн зээл авсан хэрэгт холбогдсон нь тогтоогдсон учир тэднийг хуралд оролцуулахгүй байхыг шаардаж байна” хэмээн хэвлэлийн бага хурал хийж байв. Тухайн үед хэсэг гишүүн Засгийн газраа огцруулахаар гарын үсэг цуглуулж, уг асуудлыг Удирдах зөвлөлөөр нь хэлэлцэх байсан аж. Л.Энх-Амгалангаас тэдгээр зургаан хүн нь хэн болохыг сэтгүүлч асуухад нэрлэсэн хүмүүсийнх нь дунд М.Оюунчимэг багтсан юм. Эрх мэдлээ ашиглан дээрх сангаас зээл авсан хүмүүсийг УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй хэмээн тухайн үед МАН-ын дарга байсан У.Хүрэлсүх мэдэгдсэн. Гэвч зарим гишүүн нь ял аваад, М.Оюунчимэгийн тухай ямар ч “яриа” гаралгүй өнгөрсөн, улмаар тэрбээр дахин нэрээ дэвшүүлж парламентад сонгогдсон билээ.
Үг, үйлдлээ хянах тухайд бол энэ гишүүнд дутагдал олон бий. Байнгын хорооны хуралдааны үеэр боорцог идэнгээ ярьсан, өмссөн хувцас тэргүүтэн тойрсон шүүмжлэл бол тийм ч чухал зүйл биш. Харин зарим хариуцлагагүй үг, үйлдлийг нь энд сануулж буй юм. Тэрбээр цар тахлын ид үед 2021 онд Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар ажилласан. Тэр үедээ “Ковид” тусаагүй, өөрийнхөө төлөө хариуцлагатай байгаа иргэддээ талархал илэрхийлж, нэг удаагийн дэмжлэг олгох, эсвэл сувилалд хамруулах санхүүжилтийг ирэх оны төсөвт тусгая” гэсэн санаа дэвшүүлсэн юм даг. Өөрөө бол тун “мэргэн” санаа гэж бодсон биз. Гэвч агаар дусал, амьсгалын замаар халддаг уг өвчнийг туссан иргэдээ доромжилж, ялгаварласан тун хариуцлагагүй үг байв. Мөн оны есдүгээр сард хэсэг гишүүн БНСУ явсан юм билээ. Гэтэл хамт явсан нэг гишүүнээс нь халдвар илэрч, тэнд тусгаарлагдсан бол М.Оюунчимэг гишүүн хэл ам хийж, зугтах шахам онгоцонд суугаад буцаж ирсэн тухай хэвлэлүүд мэдээлж байжээ. Тэр үед гадаадаас ирэх иргэдээ яаж хянаж, олон хоногоор тусгаарлан “шалгаж” байлаа, гэтэл УИХ-ын гишүүнд эдгээр журам нь үйлчилдэггүй бололтой. Жижиг мэт боловч энэ нь бас л ёс зүйн зөрчил.
Өнгөрсөн зун улаанбаатарчууд хэд хэдэн удаа үерт автсан. М.Оюунчимэг гишүүний сонгогдсон Чингэлтэй дүүрэгт байдал хүнд байв. Гэвч яг тэр үед тойрогтоо бараа сураг нь харагдаагүй гишүүн байдал намжсаны дараа очиж, зургаа татуулаад сүржин пост оруулж, оноо авах гэсэн биш, шүүмжлүүлээд дууссан. Түүний оруулсан гэрэл зураг бүр их дургүйцэл төрүүлсэн билээ. Түүнд ер нь энэ мэтээр мэдрэмж их дутдаг. Ямар үйлдэл хийж, юу хэлбэл бусдын дургүйцлийг төрүүлэхгүйгээр өөрийгөө ажил хийж буй мэт харагдуулахыг нь хэлээд өгөх сайн зөвлөх ч байдаггүй бололтой.
Сүүлийн жишээ. Арваннэгдүгээр сард “Ногоон автобус”-ны хэргээр УИХ дахь АН-ын бүлгийнхэн нээлттэй сонсгол хийх санал гаргасан. Үүний тулд 19-өөс дээш гишүүний гарын үсэг цуглуулж, түр хороо байгуулах хуультай. Тэд МАН-ын гишүүдээс дэмжлэг хүсэх үед М.Оюунчимэг гишүүн “Хүн чанарын хувьд муухай юм даа” гээд татгалзсан тухай олон хэвлэл мэдээлж, багагүй шүүмжлэв. Хулгай, луйврыг өмөөрөх нь хүн чанараас огт өөр зүйл. Буруутай хүмүүсийг өмгөөлж буй нь хамсаатан болж байгаагаас ялгаагүй юм.
Уг нь үг амьтай, хүчтэй гэдгийг сэтгүүлч хүн илүү мэдэх учиртай. Гэвч тэрбээр үг хэлэх бүрдээ түүндээ ороогдсоор, чадварлаг улс төрч байж барахгүй гэдгээ харуулсаар байна. Бас ёс зүйн шалгуурт ч тэнцэхгүй нь. Эмэгтэй гишүүд хамтдаа санаачилсан Гэр бүлийн, Хүүхэд хамгааллын, Хэт чихэрлэгтэй ундааны онцгой албан татвар тогтоож, хэрэглээг бууруулах тухай зэрэг цөөн хуулиас өөр тоймтой хийсэн ажил ч түүнд алга. Хоёр удаа парламентад ажиллахдаа албан тушаалаа ашиглан давуу эрх эдлэх ёс зүйгүй үйлдлүүд гаргаж, үе үе олон нийтийн эгдүүцлийг төрүүлэх үг хэлэхээс хэтэрсэнгүй. Одоо МАН-ынхан улс төрд манлайлж, ёс зүйтэй, хийгүй ажиллаж чадах бүсгүйчүүдээсээ ирэх сонгуульд сойвол ямар вэ.