Сонгууль эхэлжээ. Нэр дэвшигчид горилсон эрхмүүдийн бэлгийн цуваа гараанаасаа хөдөлжээ. 2020 оны сонгуульд иргэдийнхээ итгэлийг даан сонгогдож, дөрвөн жил цөөхөн удаа л бараа сургаа харуулсан гишүүд одоо л тойргийнхондоо “хайр” зарлаж, элдэв бэлэг сэлт тарааж яваа нь мөн л сонгууль дөхсөний шинж.
Сонгуулийн тухай хуулийн 48.1-т зааснаар сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс хойш бэлэг сэлт тарааж, элдэв найр наадам хийхийг хуулиар хориглосон. Тиймээс сонгуульд нэр дэвших горилогчид хууль үйлчлэхээс урьтаж сонгогчдодоо юм, юм л тарааж яваа бололтой. Тараах шалтаг нь ч мундахгүй юм. УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуяг шинэ жилийн баярыг угтаж тойргийнхоо ахмадуудыг “баярлуулж” яваа бололтой. Хэдэн хөгшчүүл маань “Хассуурь сан” гэсэн бичигтэй ганц тор бэлгээ их л нандигнан авч яваа зураг цахим орчинд тархаад байна.
Сонгууль дөхөөд саналыг нь уут чихэр, боов, календарь төдийхнөөр худалдан авахыг санаархдаг нь нүглийн нүдийг гурилаар хуурна гэгчийн үлгэр болдог. Ингэж худалдсан саналын хүчээр дөрвөн жилийн хугацаанд ард иргэдийн амьдрал улам доройтож, эсрэгээрээ таны сонгосон гишүүн хэрхэн баяжсан нь нүдэнд илт.
Энэ үйлдэл нь ил цагаандаа гарч шууд бэлэн мөнгө болон хувирч байсан удаа ч бий. Эргэн сануулахад, УИХ дахь МАН-ын дарга Д.Тогтохсүрэн тойргийнхоо ахмадуудтай уулзаад, золгох нэрийдлээр 20,20 мянган төгрөг өгч байсныг иргэд мартаагүй биз. Үүнийгээ тэрбээр “Монгол ёсоор ахмадуудад 20,000 төгрөг өгч, хүндэтгэл үзүүлсэн. Уулзалтад ирсэн таван ахмадад хүндэтгэл үзүүлсэн л ажил. Энэ бол УИХ-ын гишүүний хувьд тойрогтоо ажиллахдаа хийж болохгүй зүйл ч биш” хэмээн ичих ч үгүй хэлсэн. Тэгэхээр энэхүү ёс нь энэ жил ч мөн үргэлжлэх бололтой. Удахгүй сар шинийн баяр болно. Сар шинийн баяраар ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх нэрээр ул боов тараана. Д.Ганбат гишүүн энэ жил дахиад л "Эмээ миний бидон байгаа юу?" хэмээн сураглаж явна биз. Үүнээсээ ч ичихээ байж. Энэ үйлдлээ тэд “Уламжлалаа бодоод” гэж тайлбарладаг. Бусад үед улс төрчид ул боовоо өгнө үү, ууттай гурилаа тараана уу тэдний л эрх. Гэхдээ нэр дэвшигчдийн энэ мэт үйлдэл нь иргэд эрүүлээр сонголт хийх, хараат бусаар шийдвэр гаргахад нөлөөлдөг гэх хардлага бий.
Зарим ахмадууд нь "Манай гишүүн энэ жил юу өгөх бол" хэмээн ярилцах нь энүүхэнд. Энэ их хүлээлтийн хариуд гарын бэлэг нь ердөө л оймс, бээлий, уут чихэр нэмээд улстөрчийн гарын үсэг, өөрийнх нь зурагтай цаг тооны бичиг л байдаг. Угтаа 20 мянган төгрөг ч хүрэхгүй үнэ цэнгүй зүйлээр л ахмадуудынхаа сэтгэлийг хөнгөхөн хуурчхаж байгаа юм шүү дээ.
Өнөөдөр иргэдэд зарцуулсан 20 мянган төгрөгөө тэд 200 мянга, 2 сая болгож эргүүлж авахын төлөө Монгол Улсын бүхий л зээл, санг цөлмөдөг. Иргэдэд чихрийн цаасыг нь долоолгоод, өөрсдөө чихрийг нь иддэг гэсэн үг. Энэ нь биднийг хэчнээн ядуу байдалдаа дассаныг илтгэж байгаа юм. Бидний толгойд гарсан улстөрчид яг л ийм ядуу байдалд нь дасгах зорилготой. Тэгэхээр бидэнд хамгийн ойр хэрэгжүүлж болох цорын ганц арга зам нь хуулиа өөрчлөх асуудал юм. Хуулиа л өөрчлөхгүй бол хандлагыг өөрчлөхөд урт хугацаа шаардлагатай.