Улаанбаатар өчигдөр 17.00 цагийн үед утаагаараа олон улсын 108 хотоос аравдугаарт бичигдлээ. Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн агаарын чанарын үзүүлэлтүүд тогтмол муудаж эхэлсний дохио нь энэ. Манай улсын нийслэлд өчигдөр агаар бохирдуулагч элементүүдээс PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосон стандартаас хоёр дахин өндөр байсан юм. Олон улсын хотуудын агаарын чанарыг тогтмол танилцуулдаг iqair.com цахим хуудсанд ийнхүү мэдээлсэн.
Түүнчлэн байршлын хувьд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, “Мишээл экспо” орчимд бохирдол хамгийн их байгааг тэмдэглэжээ. Тэгвэл Цаг уур, орчны шинжилгээний газраас өнгөрсөн долоо хоногийн агаарын чанарт хийсэн дүн мэдээллийг харвал, I хороолол орчимд хүхэрлэг хий хүлцэх хэмжээнээс 1.4 дахин их байж. Мөн цахилгаан станцуудын орчимд бүдүүн ширхэгт буюу PM10 тоосонцрын хэмжээ агаарын чанарын стандартаас 2.5 дахин их байсныг тогтоожээ. Агаарын бохирдлын мэдээллийг олон нийтэд хүргэдэг agaar.mn цахим хуудасны мэдээллээс харвал өчигдөр 17.00 цагийн үед Баянхошуунд бохирдол их байлаа. Мөн Амгалан, Зуун айл, Баруун дөрв өн зам, Монгол бөхийн өргөө орчимд бага бохирдолтой байв