Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх бүрэлдэхүүн Д.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй таван хүнд холбогдох хэргийг шүүгдэгчдийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэлэлцэх, эсэхийг өнгөрсөн баасан гарагт хянан хэлэлцлээ. Улмаар тэдний хэргийг Дээд шүүхийн Эрүүгийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагагүй гэж дүгнэснээр нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс оноосон ялыг эдлэхээр болж байна. Олон нийтийн сүлжээнд шууд бичлэг (лайв) хийдгээр нь хүмүүс мэддэг Д.Мөнх-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатарын зөвлөх Б.Эрдэнэбаяр, “Евросервис” компанийн захирал Б.Ганбаяр, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Д.Батмөнх, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Н.Пүрэвжав нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн дөрөвдүгээр сард хэлэлцсэн. Ингээд Д.Мөнх-Эрдэнийг ӨМӨЗО-ы Хөх хотод суух ерөнхий консулаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулж, 112.2 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэгийн нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, ГХЯ-ны байр луу нэвтрэх гэж дайрч, зөвшөөрөлгүйгээр дүрс бичлэг хийж, үйлдлээ зогсоохыг шаардсан ТТХГ-ын алба хаагчдад халдан, хэл амаар доромжилсон, “Евросервис” ХХК-ийн захирал Б.Ганбаяраас 30 сая төгрөг гаргуулж, 10-ыг нь өөрөө авч, үлдсэн 20 саяыг нь УИХ-ын даргын зөвлөх, Хэвлэл мэдээллийн албаны даргаар нь ажиллаж байсан Б.Эрдэнэбаярт өгсөн.
Улмаар Б.Эрдэнэбаяр нь Д.Батмөнх, Н.Пүрэвжав нарт нөлөөлөн хууль бус шийдвэр гаргуулсан гэм буруутайд тооцсон. Улмаар хахуулийн 10 сая, албан тушаалаа урвуулж улсад хохирол учруулсан 82 сая төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, нийтийн албанд ажиллах эрхийг нь таван жил хасан, гурван жил 10 сар хорих ял оноохын зэрэгцээ бусдыг гүтгэсэнд нь 2.7 сая, хууль сахиулагчийг эсэргүүцсэн үйлдэлд нь нэг сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн юм. Мөн Н.Пүрэвжав, Д.Батмөнх нарын нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, тус бүрийг нь зургаан сая төгрөгөөр торгох ял ногдуулсан бол Б.Ганбаярыг хахууль өгсөн гэм буруутай гэж дүгнэн, нийтийн албан тушаал эрхлэх эрхийг хоёр жил хасаж, 14 сая төгрөгөөр торгоод байв. Б.Эрдэнэбаярыг эрх мэдлээ урвуулан ашигласан үйлдэлд нь хоёр жил, хахууль авсан гэмт хэрэгт нь тав, нийт долоон жил нийтийн албанд томилогдох эрхийг нь хасаж, 16 сая төгрөгөөр торгох ял оноосон. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өнгөрсөн долдугаар сарын 5-нд уг хэргийг хэлэлцээд Д.Мөнх-Эрдэнэд оноосон гурван жил 10 сарын хорих ялаас хоёрыг нь хасаж, нэг жил 10 сарын хугацаагаар хорихоор болсон юм. Тодруулбал, эрх мэдлээ урвуулж улсын төсөвт хохирол учруулсан хэргүүдээс нь Хөх хот руу ирж, очих зардлыг онгоцны тарифаар тооцон илүү мөнгө авч, төсөвт 112.2 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгосон билээ.
Улмаар учруулсан хохирлоо нөхөн төлснийг харгалзан үзэж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, нэг жил 10 сарын хугацаагаар хорих, бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн хэрэгт нь нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, хорих ял оноосныг найман сая төгрөгөөр торгохоор болсон байдаг. УИХ-ын даргын зөвлөх Б.Эрдэнэбаярыг албан тушаалаа ашиглаж бусдад давуу байдал бий болгосон хэргийг хэрэгсэхгүй болгоод, хахууль авсан үйлдэлд нь 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн. “Евросервис” компанийн захирал Б.Ганбаярыг 14 сая төгрөгөөр торгох ял оноосныг хэвээр үлдээсэн бөгөөд уг торгуулийг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр заасныг гурван сар болгож өөрчилсөн юм. Д.Батмөнх, Н.Пүрэвжав нарт оноосон зургаан сая төгрөгөөр торгох ялыг хэвээр нь үлдээсэн билээ.
Мөн энэ өдөр “Капитал” банкны удирдлагаар ажиллаж байсан хүмүүст холбогдох хэргийг тус банкны эрх хүлээн авагчдын гаргасан гомдлыг үндэслэн хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэв. Тус банкны эрх хүлээн авагч, хохирогчоор тогтоогдсон М.Адилбиш дээд шүүхэд гомдол гаргасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1-1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол хамаарахгүй тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав. Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг байршуулсан “Капитал” банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Ариунболд, гүйцэтгэх захирлын орлогч Б.Янжин, дэд бөгөөд Зээлийн газрын захирал С.Дэлгэрцэцэг нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн гуравдугаар сард хэлэлцсэн билээ. Улмаар Б.Янжин, С.Дэлгэрцэцэг нарын үйлдлийг “Гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Харин гүйцэтгэх захирал асан А.Ариунболдыг банкны төлбөрийн чадварыг алдагдуулсан гэм буруутайд тооцсон бөгөөд шүүх бүрэлдэхүүн түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, үлдэх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснийг харгалзан хоёр жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял шийтгэснийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр нь үлдээсэн билээ.