Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Д.Мөнх-Эрдэнэ, Д.Батмөнх, Н.Пүрэвжав, Б.Эрдэнэбаяр, Б.Ганбаяр нарт холбогдох хэргийг шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ, түүний өмгөөлөгчид болон шүүгдэгч Д.Батмөнх, Б.Ганбаяр, Б.Эрдэнэбаяр нарын өмгөөлөгчдийн гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хэлэлцлээ.
Шүүгдэгч, шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн гаргасан гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарахгүй тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэв. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна.
Давж заалдах шатны шүүхээс
Д.Мөнх-Эрдэнэд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 8.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулан, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг оногдуулсан торгох ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн билээ.
Хахууль өгсөн шүүгдэгч Б.Ганбаярт 14,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 5 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосон хугацааг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх өөрчлөлт оруулсан.
Шүүгдэгч Б.Эрдэнэбаярын эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд бусдаар дамжуулан хахууль авсан хэрэгт оногдуулсан эрх хасах болон торгох ялыг хэвээр үлдээжээ. Түүнийг Монгол Улсын Их хурлын Тамгын газрын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон хэрэгт гэм буруутайд тооцсон.
Шүүгдэгч Н.Пүрэвжав, Д.Батмөнх нарт холбогдох шийдвэрийг мөн хэвээр үлдээжээ. Тэднийг нийтийн албан тушаалтан албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 6,000,000 төгрөгөөр тус тус торгох ял анхан шатны шүүхээс оноосон юм.