Нийслэлийн прокурорын газрын төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил хариуцсан прокурорууд төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх зэрэг бичиг баримтгүйн улмаас эрүүл мэндээ хамгаалуулах, сурч боловсрох, тэтгэмж авах зэрэг Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж чадахгүй байгаа иргэдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд анхаарч ажиллаж байна.
Тодруулбал, нэр бүхий асрамжийн төвд амьдарч байсан төрсний гэрчилгээгүй, регистрийн дугаар, эцэг, эх, овог, нэр нь тодорхой бус бага насны хүүхдийн зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор Иргэний шүүхэд нэхэмжлэл гарган насыг нь тогтоолгож, Монгол Улсын иргэний албан ёсны бүртгэлд бүртгүүлэн, бичиг баримттай болгожээ.
Үүний үр дүнд тухайн хүүхэд сурч боловсрох, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах, төрөөс олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах, өмнө нь авч чадаагүй мөнгийг нөхөн авах боломжтой болсон байна.
Одоо тус прокурорын газраас Сонгинохайрхан дүүрэгт байрлах Улаанчулуутын хогийн цэгт ажиллаж, амьдардаг бичиг баримтгүй иргэдийн ашиг сонирхлыг хамгаалахаар Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран холбогдох ажлуудыг хийж эхлүүлээд байна.