ШӨХТГ-аас арилжааны банкуудад ипотекийн зээлийн нэг хувийн шимтгэл авч байгаа нь үндэслэлгүй буюу “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, хэрэглэгчийг хохироох худалдааны хууль бус арга хэрэглэсэн” гэх үндэслэлээр нэр бүхий есөн банканд 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан, улмаар үр дагаврыг арилгах шаардлага хүргүүлсэн улсын байцаагчийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж Улсын дээд шүүх эцэслэн шийдвэрлээд буй. Тус газраас дээрх шүүхийн маргаанд эрх зүйн туслалцаа үзүүлж хамтран ажиллаж байсан зарим өмгөөлөгчтэй үргэлжлүүлэн ажиллахаа илэрхийлж, цаашид энэ асуудлыг өөрсдийн нэр хүндээ өсгөх, олон нийтэд танигдах буюу улс төрийн зорилгоор ашиглахгүй, шударга байх зарчмыг онцгойлон сануулж өчигдөр гэрээ байгуулжээ. Учир нь шүүхийн шийдвэрийг банкууд сайн дураар биелүүлэх хуулийн хугацаа үргэлжилж байгаа бөгөөд тухайн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд улсын байцаагчийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх, шийдвэрийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааг зохион байгуулах шаардлага үүсэж буй тул эл хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхэд өмнө нь хамтран ажиллаж байсан өмгөөлөгч С.Ялалт, Б.Цэнгэл, Г.Чинбат нартай үргэлжлүүлэн хамтран ажиллахаар болсон гэж мэдээлэв.
Бэлтгэсэн: Б.Сонор