Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргаар ажиллаж буй Э.Цэнд-Аюушийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт яллагдагчаар тооцон шалгаж дуусаад, гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлээд байна. Тэрбээр 2018 оны гуравдугаар сараас 2021 оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд тус газрын Урлагийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдсон юм. Тодруулбал, “Монголын соёлын аялал жуулчлалын холбоо” хэмээх төрийн бус байгууллагын тэргүүн Э.Эрхэмбаяртай нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1096 дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан Соёлын биет бус өвийг өвлөн уламжлах аргачлалыг контент болгон бэлтгэн түгээх ажил хийхээр гэрээ байгуулсан аж. Үүнийхээ хүрээнд Э.Цэнд-Аюуш албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг ашиглаж, эл ТББ-аар дамжуулан ажил гүйцэтгэхээр болж, гэрээ дүгнэсэн баримтуудад гарын үсэг зурж, төлбөр шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлэн нийслэлийн Соёл, урлагийн газарт их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгагдаж буй юм билээ. Засгийн газрын “Шилэн” ажиллагааны хүрээнд ил болсон нээлттэй мэдээллээс үзэхэд “Монголын соёлын аялал жуулчлалын холбоо” ТББ нь Соёл урлагийг дэмжих сангаас 60 сая төгрөгийн санхүүжилт “Уухай” хэмээх хамтлагийн нэрээр авсан байна.
Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш албан тушаалаа ашиглаж, “Монголын соёлын аялал жуулчлалын холбоо” ТББ-ын тэргүүн Э.Эрхэмбаярт давуу байдал олгож багагүй хэмжээний мөнгө олгосон бөгөөд гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж эх үүсвэрийн нь нуун далдаж мөнгө угаасан хэмээн тэднийг яллагдагчаар тооцсон аж. Э.Цэнд-Аюушийг “шүүр”-дэх, эсэхийг Соёлын сайд Ч.Номин шийдвэрлэх ёстой аж. Өөрөөр хэлбэл, Соёлын тухай хуулийн 21.1.6-д “Төрийн болон орон нутгийн өмчийн соёлын байгууллагын оновчтой тогтолцоо, бүтцийг бий болгож ажиллуулах талаар зохион байгуулалтын арга хэмжээг авах” эрхтэй байхаар хуульчилсан байгаа юм. Авлигатай тэмцэж, 5Ш ажиллагаа хэрэгжүүлж буй Засгийн газрын гишүүн Соёлын сайд Ч.Номингийн тушаалаар томилогдсон нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюушид холбогдох хэргийг шүүх хэрхэн шийдвэрлэсэн талаар бид цаг тухайд нь мэдээлэх болно.