Экологийн цагдаагийн албанаас орон нутаг дахь цагдаагийн газар, нэгжийнхэнтэй хамтарч төлөвлөгөөт болон гэнэтийн шалгалт хийж буй. Ийм нэг хяналт шалгалт уржигдар Багахангайд явагдаж, тус дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэнтэй хамтран тусгай арга хэмжээ зохион байгуулсан аж. Энэ үеэр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай, ган туйван, металл хийц үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Синвоюань” компанийг шалгасан гэнэ. Гэтэл тус компанийнхан ямар нэг тусгай зөвшөөрөл авалгүйгээр химийн бодис хууль бусаар хадгалсан, ашигласан үйлдлийг илрүүлсэн юм байна. Улмаар хойшлуулшгүй ажиллагаа явуулж, “Синвоюань” компанийн үйлдвэрийн захирлаар ажилладаг, БНХАУ-ын иргэн Хуан Хай гэх эрийг Цагдаагийн хэлтсийн байранд ирүүлэн тайлбар мэдүүлэг авах үед мөрдөгчид боодолтой төгрөг, гадаад валют өгөхийг завдсан гэнэ. Цагдаагийнхан түүний үйлдлийг баримтжуулан, хахуульд өгөхөөр завдсан мөнгөн дэвсгэрт, гадаад валютыг хууль, журмын хүрээнд хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй гэнэ.