УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Улаанбаатар хотын ерөнхий менежер зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Т.Бадамжунай нарын дөрвөн хүнд яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Яллагдагч нарын дунд төрийн өмчит аж ахуйн нэгжийн даргаар ажиллаж байсан хоёр ч хүн байгаа аж. Тодруулбал, “Улаанбаатар дулааны сүлжээ” төрийн өмчит хувьцаат компани (ТӨХК)-ийн захирлаар ажиллаж байсан Д.Бямба-Очир, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Баярсайхан нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэмээн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. Тэд УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хамаарал бүхий аж ахуйн нэгжийн барьсан, Бага тэнгэрийн ам дахь орон сууцын хорооллын инженерийн дэд бүтэц буюу цахилгаан, дулаантай холбоотой зөвшөөрлийг Т.Бадамжунайгийн оролцоотойгоор шийдвэрлэж өгсөн гэж буруутгагдаж буй юм билээ.
“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал асан Д.Бямба-Очирын хувьд өмнө нь хээл хахуулийн хэрэгт ял шийтгүүлж байсан юм. Тэрбээр тус компаниас зарласан 300-400 сая төгрөгийн өртөгтэй тендерт шалгарсан “Одкон холдинг” компанийн захирал Л.Мөнхбат, ӨЭЭЭ компанийн захирал Б.Эрдэнэ-Очир нараас 10-14 сая гаруй төгрөгийн хахууль авсан хэрэгт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял шийтгүүлж байв. Өөрөөр хэлбэл, Д.Бямба-Очирын албан тушаалаа урвуулсан үйлдэлд нь 15, хахууль авсан хэрэгт нь 25 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, нийтийн албанд ажиллах эрхийг нь дөрвөн жил хасах шийтгэл 2021 онд оноосон билээ.