Прокурорын байгууллага 2023 оны есдүгээр сарын 11-нээс 15-ны өдрүүдэд мөрдөгч болон эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 614 даалгавар бичгээр өгч, эрүүгийн болон зөрчлийн хэрэг бүртгэх, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчлийг арилгуулахаар холбогдох газруудад 8 шаардлага хүргүүллээ. Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 11 байгууллага, албан тушаалтанд мэдэгдэл бичсэн байна.
Тухайлбал:
Булган аймгийн прокурорын газраас тус аймгийн хэмжээнд үйлдэгдсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн гаралтыг 2023 оны 8 дугаар сарын байдлаар судалж, энэ төрлийн зөрчилд төрийн албан хаагч холбогдсон тохиолдол цөөнгүй гарч байгаад дүгнэлт хийж, шалтгаан нөхцөлийг арилгах, урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээ зохион байгуулж ажиллах талаар тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газарт;
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Л”, “Ч” шөнийн цэнгээний газруудад үйлдэгдсэн гэмт хэргийн гаралтыг 2023 оны есдүгээр сарын байдлаар судлахад, “Л” шөнийн цэнгээний газарт 39, “Ч” шөнийн цэнгээний газарт 14 гэмт хэргийн шинжтэй асуудал гарч, цагдаагийн байгууллагад шалгагдсан байна. Тиймээс Согтууруулах ундааны эргэлтэнд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон холбогдох бусад дүрэм журмыг мөрдөх, гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар дээрх аж ахуйн нэгж байгууллагуудад прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлжээ.
Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй.