Төрийн хамгийн их ачаалалтай 10 үйлчилгээний нэг бол авто тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэх байдаг. Тэгвэл ЗТХЯ-ны харьяа Авто тээврийн үндэсний төвийнхөн болон Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Үндэсний дата төвтэй хамтран авто тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахимжуулж, улмаар нэр шилжүүлэх үйлчилгээг киоск машинаас авах боломж бүрдүүллээ. Энэ талаар өчигдөр УИХ-ын гишүүн, Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл хийв. Тэрбээр “Төр өөрт байгаа мэдээллээ иргэнээс нэхэхгүй байх ёстой гэсэн үндсэн зарчмыг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд тусгасан.
Үүний дагуу киоск машинд суурилуулсан төрийн үйлчилгээний ХУР системд 650 гаруй мэдээлэл эргэлдэж буйн нэг нь авто тээврийн хэрэгслийн гэрчилгээний цахим хувилбар юм. Киоск машинаар дамжуулан Авто тээврийн үндэсний төвд уг мэдээллийг шилжүүлдэг болсноор төрийн үйлчилгээний ачаалал буурч, иргэдэд түргэн шуурхай хүрч ажиллах боломж бүрдэж байгаа” гэлээ. Мөн эл үйлчилгээг цахимжуулснаар тоон гарын үсгийг иргэний үнэмлэхээс өөр зүйлд нэвтрүүлсэн анхны тохиолдол болж байгаа юм. Киоск машиныг “Да хүрээ”, Төв шуудан, Нисэхийн тойрог, Чингэлтэй дүүргийн нэг цэгийн үйлчилгээний төв болон Улаанбаатар их дэлгүүр зэрэг 10 байршилд тавихаар шийдвэрлэжээ.
Бэлтгэсэн: Б.Оргил