Шүүхийн тухай хуулийн 20.1-т бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн нийт шүүгчийн чуулганыг хоёр жил тутам зохион байгуулахаар заасан. Үүний дагуу ээлжит хоёрдугаар чуулганыг энэ сарын 28-29-нд зохион байгуулах нь. Энэ удаа Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны тайланг сонсож, Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журамд нэмэлт, өөрчлөлт оруулж, шүүхийн үйл ажиллагаатай холбоотой зарим асуудлаар зөвлөмж гаргах аж. Нийт шүүгчийн чуулган нь дээрх хуулийн 20.2-т зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнийг сонгох, огцруулах, тэдгээрийн үйл ажиллагааны тайланг сонсох, хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналыг Дээд шүүхэд уламжлахтай холбоотой саналыг хэлэлцэх ёстой. Мөн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмыг батлах, шүүхийн үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг авч хэлэлцэхээр хуульчилсан юм. Өөрөөр хэлбэл, тодорхой хэрэг маргаантай холбоотой асуудлыг нийт шүүгчийн чуулганаар хэлэлцдэггүй.
Бэлтгэсэн: У.Наран