-Африкаас хар тамхи хүлээн авагч эрийн толгойг шүүх илсээр байх уу-
Монголд мансуурагчид хавтгайрч, залуус хар тамхинд донтон аюултай түвшинд ойртлоо. Итгэхгүй бол уншигч та бүхэн нийслэлийн төвийн зургаан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны товтой танилцаарай. Мансууруулах бодистой холбоотой 2-3 хурлыг аль нэг шүүх ажлын таван өдрийн нэгэнд товлосон байдаг юм. Эндээс мансуурагчид залуужиж, бусдыг уруу татан энэ төрлийн бодист донтуулж, хаяа, хүрээгээ тэлж буйг харж болно. Мансууруулах бодис хэрэглэсэн залуус юу ч хийхээс буцахаа больж, түүнийгээ олж авахын тулд ямар ч гэмт үйлдэл хийхэд энүүхэнд боллоо. Өнгөрсөн долоо хоногт гэхэд мансууруулах бодистой холбоотой хэргийн яллагдагч эр Мөрдөн байцаах албаны байранд жижүүрийн цагдаад халдаж, хазаж гэмтээлээ. Хар тамхи хэрэглэхгүй л бол хайртай дотно хүмүүсээ айдаст автуулж, гар хүрдэг, эд зүйлийг нь хулгайлж борлуулдаг тохиолдол ч гарсаар байгаа. Эцэг, эхээсээ ямар нэг байдлаар цөөн хэдэн төгрөг авсан залуус мансууруулах бодис авч хүчрэхгүй ч эмийн сангийн жор баригчдын толгойг элдэв аргаар эргүүлж, худал хэлэн эм, тариа олж авч мансуураад тахир дутуу болох, цаашлаад амиа алдсан тохиолдол ч бий. Энэ мэтээр мансуурагчид олширч, хавтгайрч байгаад хууль, шүүх буруутай гэхэд хилсдэхгүй. Зарим тохиолдолд шүүгчийн буруу шийдвэр ч нөлөөлж байгаа гэж хэлж болно.
ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ЗАЛУУСЫГ ТУРХИРАГЧИД ХӨНГӨН ЯЛ ШИЙТГЭСЭЭР
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт Д.Буянбадрах, М.Мөнхтулга, Б.Мөнх-Эрдэнэ, Э.Тодгэрэл, Б.Дөлгөөн нарт холбогдох мансууруулах бодис хууль бусаар олж авсан гэх хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гэхдээ энэ удаа шүүх, шүүгч хэргийн гол зохион байгуулагч буюу хатгагчид хорих ял оноов. Прокуророос энэ хэргийн гол хүн болох Д.Буянбадрахад яллагдагч М.Мөнхтулгыг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэн, хатгагчаар хамтран оролцож, 2022 оны тавдугаар сарын 22-нд Сонгинохайрхан дүүргийн нутаг, “Цамбагарав”-ын автобусны буудлын орчмоос мансууруулах бодис худалдах зорилгогүйгээр олж авсан, улмаар Д.Буянбадрах нь Хан-Уул дүүргийн нутаг, “Хүннү 2222” хотхон дахь орон сууцад уг бодисоо хадгалсан хэмээн яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Тэдэнд холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны гуравдугаар сарын 20-нд хэлэлцээд Эрүүгийн хуулийг илт буруу хэрэглэж, гол зохион байгуулагч, хатгагчид нь хөнгөн ял оноосон юм. Өөрөөр хэлбэл, Д.Буянбадрахыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2-3, 3.1-1, 3.4-1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7-1 дэх хэсэгт зааснаар нэг жил зургаан сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсэн. Харин түүний хатгаасаар хар тамхи олж аваад хүргэж өгсөн М.Мөнхтулгад нэг жил таван сар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсон байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4-1 дэх хэсэгт “Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ. Бусдыг гэмт хэрэгт бусдаар дамжуулан хатгасан хүнийг гэмт хэргийн хатгагчид тооцно” гэж цагаан дээр хараар бичиж, мөрдөж буй хууль бий. Харин эл хуулийн 3.4-2 дахь хэсэгт нь “Гэмт хэргийн хатгагчийг түүний хатгаснаар үйлдсэн гэмт хэргийн гүйцэтгэгчид оногдуулах ялаас багагүй ял оногдуулна” гэж хуульчилсан. Гэтэл шүүх Д.Буянбадрахыг хатгагч гэж дүгнэчихсэн атлаа хатгаасаар нь гэмт хэрэг хийсэн хүнээс хөнгөн буюу зорчих эрх хязгаарлах ял оноосон байв. Тиймээс энэ шийтгэх тогтоол нь хууль зөрчсөн учраас нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан юм.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Буянбадрах нарт холбогдох хэргийг есдүгээр сарын 11-нд хэлэлцээд түүнийг гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцон нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн бол М.Мөнхтулгад нь хоёр жил хорих ял оноожээ. Бусад шүүгдэгч нарт нэг жил гурван сар хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэсэн байна.
Д.Буянбадрахын хувьд мансууруулах бодистой холбоотой хэргээс гадна Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтэст бусдыг залилан мэхэлсэн хэрэгт шалгуулж буй юм. Тэрбээр “Тэди”-д гар утас худалддаг нэгэн эмэгтэйгээс их хэмжээний мөнгө залилан аваад, улмаар согтуурах, мансуурах бодист донтуулж, хамааралтай болгосон хэмээн ар гэрийнхэн нь хууль сахиулах байгууллагад өргөдөл гаргаад хоёр жил шахмын хугацаа өнгөрөхөд цагдаа, прокурорынхон шуурхай шалгаж, шийдвэрлэж чадахгүй өнөөг хүрч байгаа юм. Нөхөр нь гадаадад ажил хийж, олсон хэдэн ам.доллароо шилжүүлэн орон гэртээ зарцуулахаар хадгалж байсныг дээрх Д.Буянбадрах гэх эр “Алтны уурхай өгнө” хэмээн мөнгийг нь залилж авсан ч Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн, тус дүүргийн Прокурорын газрынхан ямар нэг ашиг сонирхлын үүднээс шуурхай шалгаж шийдвэрлэхгүй байгаа гэхэд хилсдэхгүй.
МАНСУУРУУЛАХ БОДИС УДАА ДАРАА ГАДААДААС ХҮЛЭЭН АВСАН ЭРИЙГ ШҮҮХ ӨӨГШҮҮЛЭВ
Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотнын хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюул, уршиг ихтэй учраас нийгэмд учирч болох хор аюул, үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулиар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн үйлдлийг гэмт хэрэгт тооцож, тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалтыг тусгайлан хуульчилж, олон улсын гэрээ, конвенцод заасан байдаг. Харамсалтай нь, манай шүүх удаа дараа энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүсийг өөгшүүлж, “наранд” байлгасаар. Тийм атал ахин дахин мансууруулах бодистой холбоотой хэрэг үйлдэж байхад шүүх, шүүгч нь төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа юм.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “Жоби” хочтой Б.Түвшинжаргал тэргүүтэй 11 хүнд холбогдох хэргийг хэлэлцэж чадалгүй удааширч байна. Б.Түвшинжаргалын хувьд өмнө нь эх орондоо бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн хэрэгтээ 500 нэгжээр торгуулах ял шийтгүүлж байсан, Хонконгод мансууруулах бодистой холбоотой хэрэгт хорих ял эдэлж байсан нэгэн. Тэрбээр Л.Баянмөнх, Э.Баяржавхлан, Б.Батмонгол, Н.Алтансувд, А.Асралт, Х.Мөнгөнжигүүр, О.Энхтүвшин, Б.Мөнхтүвшин, Н.Баасанбат, Б.Урангоо нартай хамт яллагдагчаар татагдан, шүүхээр гэм буруутай, эсэхээ дэнслүүлэх гэж буй юм. Б.Түвшинжаргалд мансууруулах бодис хууль бусаар хадгалсан, худалдах зорилгоор олж авсан, бусдад дамжуулан өгсөн, олон улсын буухиа шуудан ашиглан Африкаас бусдын нэр, иргэний үнэмлэх ашиглан мансууруулах бодис хүлээн авсан хэмээн яллагдагчаар татсан байдаг.
Бидэнд олдсон мэдээллээр тэрбээр мансууруулах бодистой холбоотой олон үйлдэлд холбогдсон аж. Тухайлбал, 2020 оны хоёрдугаар сард гэртээ мансууруулах бодис хадгалсан, мөн оны хавар мансууруулах бодис худалдах гэж тодорхой нэгэн объектод нууж байсан, зун нь багагүй хэмжээний мөс борлуулахаар Б.Батмонголд өгсөн, намар нь DHL буухиа шуудангаар А гэх хүний гээгдүүлсэн бичиг баримт ашиглан мансууруулах бодис гадаадаас хүлээн авч, улсын хил нэвтрүүлсэн хэрэгт ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт шалгаж байсан юм. Гэвч эдгээр хэрэгт шалгуулж байхдаа дахин гэмт хэрэг өдүүлж Л.Баянмөнхтэй хамтарч Африкийн Малави улсаас мансууруулах бодис худалдах зорилгоор хүлээн авч, хадгалсан хэрэг үйлдсэн байдаг.
Б.Түвшинжаргалын тухайд Хонконгод мансууруулах бодистой холбоотой хэрэгт шийтгүүлж ял эдэлж байсан гэдгийг дээр цухас дурдсан. 10 гаруй жил харийн шоронд ял эдэлж байх үедээ буюу 2010 онд хамт хоригдож байсан Африк тивийн улсуудын нэр бүхий хүмүүстэй холбогдож, шуудан илгээмжээр Монгол Улс руу мансууруулах бодис хүлээн авч худалдах талаар тохиролцсон гэдгийг гэрчүүд мэдүүлсэн аж. Монгол Улс руу их хэмжээний мансууруулах бодис удаа дараа нэвтрүүлж, хүлээн авч гар хөл бологчдоороо энд тэнд нууц байршилд тавиулж борлуулдаг, олсон орлогоосоо байр хөлслөх төлбөрийг нь төлдөг, хямд өртгөөр “зарлага” нартаа бодисоо нийлүүлдэг нь мөрдөн байцаалтаар тодорхой болсон ийм хэргийг шүүх шийдвэрлэж чадахгүй хойшлуулсаар байгаа юм. Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 7-нд хэлэлцэхээр товлоод байсан ч өмгөөлөгч нараас шалтгаалж аравдугаар сарын 4-нийг хүртэл хойшлуулаад байна. Энэ хооронд эл хэргийн гол хүн болох “Жоби” хочит Б.Түвшинжаргал сул чөлөөтэй явсаар. Дахин гэмт хэрэг үйлдэж буй, эсэхийг нь хэн ч мэдэхгүй л байсаар.
Энэ мэтээр мансууруулах бодистой холбоотой хэрэгт шүүх хөнгөн ял оноож байгаа нь Эрүүгийн хуулийн зүйл заалт хөнгөнөөс болдог гэдэгтэй санал нийлэх хүн олон. Магадгүй манай хууль тогтоогчдын ар талд мансууруулах бодисын наймаачидтай холбоо харилцаа бий, эсэхийг хэн ч таашгүй. Бас шүүх хэрэг мөрдөн шалгаж буй цагдаагийнхан хүний эрх зөрчсөн зэрэг ялих шалихгүй шалтгаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлдөг зэрэг нь ч мансуурагчид олширч, энэ бодисын хэрэглээ хавтгайрахад хүргэж байж ч болох.