“Зүүн Ази Хөгжил” ХХК-ийнхан орон сууцаа Улсын комисст хүлээлгэн өгөөгүй борлуулж ч эхлээгүй. Гэвч зальт этгээдүүд тус компаний бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, гэрээ байгуулан орон сууцуудыг нь худалдаж, иргэдийг хохироожээ.
Тодорхой хэлбэл, Гадаадын зуун хувийн хөрөнгө оруулалттай “Зүүн Ази Хөгжил‘’ ХХК нь 2007-2023 онд ямар нэг байдлаар эрх шилжүүлээгүй, гүйцэтгэх захирал шинээр томилоогүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.
Харин тус компанийн тамга тэмдэг гэрчилгээг, хуурамчаар бүрдүүлэн энэ оны долоодугаар сарын 31-ний өдөр өөр хүнийг гүйцэтгэх захирлаар томилон, байруудыг нь борлуулж, залилан хийж болзошгүй байна. Цагдаагийн байгууллага уг залилангийн хэргийг шалгаж байна.
Тус компаниас төрийн болон төрийн бус байгууллага, банк болон банк бус санхүүгийн байгууллага, нийт харилцагч компани, иргэдэд хандаж, хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулав.
Мөн “Зүүн Ази Хөгжил” ХХК-ийн нэр барьсан хувь этгээдтэй орон сууц худалдах худалдан авах гэрээ хийхгүй, мөнгө шилжүүлэхгүй байх, гэрээ хийснээс үүдэн гарах хохирлыг тус компани хариуцахгүй гэдгээ мэдэгдсэн.
Тус компани нь өөрийн хөрөнгө оруулалтаар барьсан орон сууцаа Улсын комисст хүлээлгэн өгөөгүй бөгөөд борлуулалт хийж эхлээгүй байна.