Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Х.Баттулга ажиллаж байх үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-ийн нарийн бичгийн даргын алба хашиж асан А.Гансүхэд гэрт нь зүс таних эр халдаж гэмтээжээ. Зам, тээврийн сайд, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд зэрэг өндөр албан тушаал хашсан түүнийг эрхэлж байсан ажилтай нь холбогдуулж биед нь халдаагүйг хэд хэдэн эх сурвалж батлав. Бидний авсан мэдээллээр энэ сарын 11-ний 09.35 цагийн үед түүний амьдардаг “Жапан таун” хотхон дахь гэрт нь С.Ихбаяр гэх залуу очиж маргалдан биед нь халдсан агаад хохирогчийн хүүхэд нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн аж. Дуудлага өгсөн даруйд С.Ихбаяр гарч зугтсан бөгөөд хэргийн газраас холгүй байрлах орон сууцын хорооллоос олж саатуулахад согтуу байсан гэнэ. Түүнийг Эрүүлжүүлэх байранд саатуулан маргаашаас нь тайлбар, мэдүүлэг авч эхэлжээ.