Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Эрдэм транс” ХХК-ийн захирал Я.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал Д.Хатанбаатар нарыг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж эхлэв. ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд өнгөрсөн мягмар гаргийн үдэш тус компанийн байр, тэдний гэрт нэгжлэг хийж эд мөрийн баримтууд хураан авсан гэнэ. Тус компанийнхан БНСУ-аас хуучин автобуснууд хувь хүмүүсийн нэр дээр оруулж ирээд оныг нь Монгол Улсын нийтийн тээвэрт мөрдөж буй стандартад тохируулан өөрчилдөг талаар бид нэг бус удаа нийтлэл бичиж уншигчдадаа хүргэж байсан. Тухайлбал, 2019 оны аравдугаар сарын 29-ний дугаартаа “Оныг нь зассан автобуснуудаар олон хүний аминд хүрч болзошгүй” гэсэн гарчигтай нийтлэлээрээ “Эрдэм транс” ХХК-ийнхан хууль зөрчиж, нийтийн тээвэрт хохирол учруулж болзошгүйг сөхөж байсан. Үүнээс өмнө нэг бус нийтлэл бичиж хүргэсэн ч тухайн үеийн нийслэлийн Нийтийн тээврийн газрын удирдлага, АТҮТ-ийнхөн ямар нэг ашиг сонирхлын үүднээс эл асуудлыг үл ойшоож дарагдуулж өнгөрөөсөн удаатай. Тэгвэл ЭЦА-ныхан “Эрдэм транс” ХХК-ийнхан 2013 оноос хойш нийт 180 гаруй автобус оруулж ирэхдээ хуурамчаар баримт бүрдүүлж, оныг нь өөрчлөн улс, нийслэлийн төсөв буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс их хэмжээний татаас авч байсан үйлдлийг дахин шалгаж эхэллээ. Түүгээр ч зогсохгүй БНСУ-ын “Хьюндай” компанийнхнаас автобуснуудын арлын дугааруудаар лавлагаа авч, нарийвчилсан үзлэгээ үргэлжлүүлж буй гэнэ.