Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хулстай, Эрээн, Тохой, Хонгор, Цагаан эргийн голуудын эх уул уурхайн үйл ажиллагаанаас болоод ширгэх аюулд орсон. Бид мэдээлсээр байгаа билээ. Үүнийг арваад жилийн өмнөөс нутгийнхан эсэргүүцэж байгаа боловч хэн ч авч хэлэлцэлгүй өнөөг хүрсэн байдаг. Харин одоо Засгийн газар, Захиргааны шүүхэд хандахаар болоод байна. Гэвч одоо хандаж буй Захиргааны шүүх дээрх газар нутаг дээр уран хайж байгаад нүүрс олсон “Монгол Ураниум Ресурс”-т ашиглалтын лиценз олгуулах шийдвэрийг гаргасан байдаг.
Уг нь “Монгол Ураниум Ресурс”-ийг 2018 онд ураны Х лицензээ нүүрсний А болгохоор хандахад нь Захиргааны шүүхийн гурван шатны шүүгч нар хүлээж аваагүй. Харин 2019 он гарангуут хандахад нь дэмжээд дэмжээд явчихсан байгаа юм.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны гуравдугаар сарын 12- ны өдрийн 128/ШШ2019/0165 дугаар шийдвэрээр “Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.1.3, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3, 24.4, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.3, 26.3.2-т заасныг тус тус баримтлан АМГТГ-ын Кадастрын хэлтсийн ““Монгол Ураниум Ресурс” ХХК-иас гаргасан ашиглалтын лиценз хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн ХV-018247 дугаар бүхий хайгуулын лиценз бүхий талбайд ашигт малтмалын ашиглалтын лиценз олгохыг АМГТГ-ын Кадастрын хэлтэст даалгасугай” хэмээн шийдвэрлэжээ.
Үүнийг АМГТГ-ын Кадастрын хэлтэс хүлээн зөвшөөрөлгүй давж заалдсан байна. Энэ дагуу 2019 оны тавдугаар сарын 8-нд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаж 221/МА2019/0253 дугаар бүхий магадлалыг гаргажээ. Энэ шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүн явуулжээ.
Магадлалаас харвал АМГТГ-ын Кадастрын хэлтсээс шүүхэд гаргасан гомдолдоо “...Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн наймдугаар талд “2015 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсон Цөмийн энергийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх заалтаар цацраг идэвхт бодисын хайгуулын лиценз эзэмшигчид хайгуулын талбайн хилийн дотор цацраг идэвхт ашигт малтмалын бусад төрлийн ашигт малтмалыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон лицензийн үндсэн дээр эрэх, хайхыг үүрэг болгожээ” гэж дүгнэсэн байна. Гэтэл 28.4.1 дэх заалтаар цацраг идэвхт бодисын хайгуулын лиценз эзэмшигчид хаигуулын талбайн хилийн дотор цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон лицензийн үндсэн дээр эрэх, хайх заалтыг хасаж хуульчилсан нь лиценз эзэмшигчийг ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалыг эрэх, хайх үүргийг хуулиар олгоогүй. “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах ч бус Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар ашигт малтмалын ашиглалтын лиценз олгуулах тухай нэхэмжлэл байсан. Мөн шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 15-д “Хүчин төгөлдөр үйлчилж байсан 28.4.1 дэх заалтад заасан үүргээ биелүүлж ...” гэж Цөмийн энергийн тухай хуулийн хүчингүй болсон 28.4.1 дэх хэсгийг үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 24.1 дэх хэсэгт “Хайгуулын лицензтэй талбайд зөвхөн уг лиценз эзэмшигч нь ашиглалтын лиценз хүсэж өргөдөл гаргах эрхтэй” гэж заасан БОАЖ-ын сайд “Монгол Ураниум Ресурс” ХХК нь цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын лицензийн талбай дээрээ цацраг идэвх ашигт малтмал ашиглах лиценз хүсэж өргөдөл гарах ёстой байсан байна. Иймд “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Тэгвэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Мөнхжаргал, Э.Зоригтбаатар, шүүгч Д.Баатархүү нар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.
Ингэхдээ “Нэхэмжлэгч “Монгол Ураниум Ресурс” ХХК-иас ашигт малтмалын ашиглалтын лиценз хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй хариуцагч АМГТГ-ын Кадастрын хэлтсийн үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн ашиглалтын лиценз хүссэн өргөдлийг Ашигт малтмалын тухай хуульд зааснаар шийдвэрлэж, ашиглалтын лиценз олгохыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Манай компанийн хайгуулын талбайгаас анхнаасаа ураны нөөц илрээгүй. Хүрэн нүүрсний нөөц илэрч байсан. Тиймээс энэ талаараа жил бүр хайгуулын ажлын төлөвлөгөө болон тайланд тусгаж, холбогдох төрийн байгууллагад танилцуулж, батлуулж ирсэн. Хайгуулын ажлын үр дүнг үндэслэн хүрэн нүүрсний ашиглалтын лиценз гаргуулахаар АМГТГ-ын дарга болон Кадастрын хэлтэст хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэж өгөхгүй байна”, хариуцагч АМГТГ-ын Кадастрын хэлтэс татгалзлын үндэслэлээ “Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын талбайд гаргасан ашигт малтмалын ашиглалтын лицензийн өргөдлийг хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй. Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын лицензийн талбайд ердийн ашигт малтмалын ашиглалтын лиценз шууд олгох зохицуулалт үгүй байна” гэж тайлбарлан маргажээ.
Анхан шатны шүүх “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн ашиглалтын лиценз хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа АМГТГ-ын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хайгуулын лицензтэй талбайд зөвхөн уг лиценз эзэмшигч нь ашиглалтын лиценз хүсэж өргөдөл гаргах эрхтэй” гэсэн зохицуулалтаас үзэхэд уг “онцгой эрх”-ийн агуулга нь хайгуулын лиценз эзэмшигч нь өөрийн хөрөнгөөр хайгуулын үйл ажиллагаа явуулсныхаа хувьд тухайн талбайдаа ашиглалтын лицензийг тухайн талбайд ямар ч үйл ажиллагаа явуулж байгаагүй хэн нэгэнтэй өрсөлдөхгүйгээр шууд авах тухай ойлголт гэж үзэх учраас хариуцагчийн “Ураны хайгуулын лицензийн талбай дээрээ уран ашиглах лиценз хүсэж өргөдөл гаргах ёстой байсан” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Иймд ашиглалтын лиценз хүссэн нэхэмжлэгч “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн өргөдлийг АМГТГ-ын Кадастрын хэлтэс хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхгүй байгаа нь нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон хайгуулын лицензтэй талбайд зөвхөн уг лиценз эзэмшигч нь ашиглалтын лиценз хүсэж өргөдөл гаргахтай холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаар “Өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа АМГТГ-ын Кадастрын хэлтсийн үйлдэхүй хууль бус болохыг тогтоож,” шийдвэрлэсэн бол ашиглалтын лиценз хүссэн өргөдлийг Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг даалгаж шийдвэрлэхээр байхад шийдвэрийн Тогтоох хэсэгт “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн ХV-018247 дугаар бүхий хайгуулын лиценз бүхий талбайд ашигт малтмалын ашиглалтын лиценз олгохыг АМГТГ-ын Кадастрын хэлтэст шууд даалгаж шийдвэрлэсэн нь буруу байна.
Хуульд зааснаар ашигт малтмалын ашиглалтын лиценз хүссэн өргөдөл болон түүнд хавсаргасан холбогдох баримтуудыг эрх бүхий этгээд хүлээн авч, нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг тодорхой хуульд заасан хугацаанд хянаж, шалгасны дараа лиценз олгох асуудлыг шийдвэрлэхээр байна. Энэ эрх хэмжээ нь уг маргааны тухайд хариуцагч болох АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргад олгогдсон байна. Тийм тул анхан шатны шүүх хариуцагчийн хуулиар олгогдсон эрх хэмжээнд халдаж, ХV-018247 дугаартай хайгуулын талбайд ашиглалтын лиценз шууд олгохыг даалгаж шийдвэрлэсэн хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Харин хариуцагч АМГТГ-ын Кадастрын хэлтсийн дарга нэхэмжлэгчийн өргөдлийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоосон нь зөв байна” гэжээ. Ингээд “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны гуравдугаар сарын 12- ны 128/ШШ2019/0165 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...“Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн XV-018247 дугаар бүхий хайгуулын лиценз бүхий талбайд ашигт малтмалын ашиглалтын лиценз олгохыг АМГТГ-ын Кадастрын хэлтэст даалгасугай” гэснийг “...“Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн ХV-018247 дугаар бүхий хайгуулын лиценз бүхий талбайд ашигт малтмалын ашиглалтын лиценз хүссэн өргөдлийг холбогдох хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг АМГТГ-ын Кадастрын хэлтэст даалгасугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч АМГТГ-ын Кадастрын хэлтсийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай” хэмээжээ.
Үргэлжлэл бий.