Өмнө нь нэг бус удаа ял шийтгүүлж байсан “Ука” хочтой Л.Алтанхуяг (мөрийтэй тоглож байсан хүмүүсийг зэвсэглэн дээрэмдсэн), “Хулнаа” хэмээх Б.Хулансамбуу, “Цэнгэл” гэж нэрийддэг Б.Батцэнгэл, “Уугаа” гэх Б.Ууганзаяа нар бүлэглэн Э.Сумъяажаргалын захиалгаар иргэн Б-г зочид буудалд аваачиж айлган сүрдүүлж, улмаар эд хөрөнгөө шилжүүлж өгөхийг шаардсан хэргийг Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрүүлэн шалгасан. 2022 оны арванхоёрдугаар сард дээрх хүмүүс хохирогчийг зодон биед нь гэмтэл учруулж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж, өөрт нь болон түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлсэн нь шалгалтаар тогтоогдсон байдаг. Тэдэнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн баасан гарагт болж, НПГ-аас гурван прокурор, яллагдагч нарын өмгөөлөгч 32 хүн оролцон хаалттай хэлэлцсэн юм. Улмаар яллагдагч, тэдний өмгөөлөгч нарын гаргасан хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, гэм буруутай, эсэхийг хэлэлцэх шүүх хурлыг энэ сарын 19-ний 08.30 цагт хийхээр товлолоо.
Л.Алтанхуяг, Б.Хулансамбуу, Б.Батцэнгэл, Б.Ууганзаяа, Э.Сумъяажаргал зэрэг 13 хүнд Эрүүгийн хуулийн 17.6-2.3 дахь хэсгийн зохион байгуулалттай гэмт бүлэг бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн, 12.1-2.10 дахь хэсгийн бүлэглэн хохирогчийг тохуурхан доромжилж хүчиндсэн, 20.3-1, 20.3-2-ын зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулж, түүнд элссэн, 11.1-2.4-т зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашиглан бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэмээн яллах дүгнэлт үйлдсэн юм.