Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт дахь хилийн цэргийн 0131 дүгээр ангийн эрх бүхий албан тушаалтан буюу ээлжийн даргаар ажиллаж байгаад хэрэгт шалгуулж байх үедээ цэргийн тэтгэвэрт гарсан ахлах дэслэгч Э.Батбаяр, тус боомт дахь Гаалийн газрын улсын байцаагч Д.Удвалцэцэг, Ц.Түвшинжаргал, Д.Баттогтох, О.Түмэнцогт болон нүүрс тээвэрлэгч нэр бүхий аж ахуйн нэгжийн албан тушаалтнууд гээд нийт 22 хүн холбогдсон “Нүүрсний” гэх хэргийг шүүх шийдвэрлэлээ. Нэр дурдсан нийтийн албан тушаалтнуудыг эрх мэдлээ урвуулан ашиглаж, хахууль авч иргэд болон аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслүүдийг хилээр саадгүй нэвтрүүлэх, гаргасан зөрчилд нь арга хэмжээ авалгүй явуулдаг байсан гэх үйлдэлд холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгасан юм. Мөрдөгчид 2023 оны нэгдүгээр сарын 8-нд мөрдөн шалгах ажиллагаагаа дуусгаж НПГ-т шилжүүлсэн бөгөөд өнгөрсөн гуравдугаар сарын 9-нд дээрх 22 хүнд холбогдох хэргийг харьяаллын дагуу Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлсэн байдаг.
Шүүх эл хэргийг өнгөрсөн даваа гарагт хэлэлцэж, гаалийн улсын байцаагч Ц.Түвшинжаргал, Д.Баттогтох нарыг бусдаас хахууль авсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жил хасаж, 12 сая төгрөгөөр торгох ял оноожээ. Мөн гаалийн улсын байцаагч Д.Удвалцэцэг, хилийн 0131 дүгээр ангийн ээлжийн дарга, ахлах дэслэгч Э.Батбаяр нарыг хахууль авсан гэм буруутай гэж дүгнэн нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн бол гаалийн байцаагч О.Түмэнцогтын нийтийн албанд томилогдох эрхийг дээрх хугацаагаар хасаж, 12 сая төгрөгөөр торгосон байна.
Дээрх албан тушаалтнуудад хахууль өгсөн хэрэгт холбогдсон Б.Мөнхбилэгийн нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 3.5 сая, А.Ганболд, О.Нэргүй, Х.Түмэнжаргал, Л.Батболор, Т.Лхагвадорж, Т.Баттулга, Д.Ууганбаяр, Б.Дашдорж, О.Ууганбаатар, Ц.Батгэрэл, Б.Баярбаатар, Ү.Тогообаатар, Д.Түвшинбаяр, Б.Гүндсамбуу, Э.Алтангэрэл нарыг тус бүр гурван сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ.
Харин шүүгдэгч Д.Цогтбаярын үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19-1.2-т заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон аж.
Бэлтгэсэн: Г.Равжаа