Олон улсын нислэгээр Монголд ирсэн гадаадын жуулчдыг аяллын тур оператор компанийн нэр барин унаандаа суулгаад, хотын төвд авчирсныхаа дараа их хэмжээний мөнгө нэхдэг таксины үйлчилгээ эрхлэгчид бий болжээ. “Селена тревэл” компанийн жуулчныг ийм байдлаар хохироосон явдал хамгийн сүүлд уржигдар гарчээ. Тус компанийн хөтөч Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн жуулчнаа тосохоор “Чингис хаан” олон улсын нисэх буудалд очтол таксины жолооч үйлчлүүлэгчийг нь аваад явчихсан байж. Тус жолооч япон жуулчныг “Новотел” зочид буудалд авчирсныхаа дараа тосох ёстой хүн нь биш гэдгээ хэлж, таксины төлбөрт 150 мянган төгрөг нэхэмжилжээ. Ингээд зогсохгүй “Цагдаа дуудна” хэмээн жуулчныг сүрдүүлж, айлгасан байна. Энэ үед зочид буудлын угтах үйлчилгээний ажилтан хэргийн учрыг олж, жуулчинд тусалжээ. Таксины төлбөрийг хамгийн багаар тооцуулан 80 мянган төгрөг өгүүлсэн аж. Яг ийм хэрэг өмнө нь гурван удаа болсныг зочид буудлын ажилтнууд хэлжээ. Тус үйл явдалтай холбогдуулан дээрх компаниас сэрэмжлүүлэг түгээлээ. Үйлчлүүлэх гэж буй байгууллага, хүнийхээ мэдээллийг нягталж, ажлын үнэмлэх, логог нь шалгаж хэвшихийг жуулчдад сануулав.