Сонгинохайрхан дүүргийн “Драгон”-ы ойролцоох зорчигч үйлчилгээний төвийг саяхан нүүлгэсэн. Тэгвэл дээрх төвийн түрээслэгчдийн төлөөлөл өчигдөр мэдээлэл хийв. Тэд “Драгон” худалдааны төвд 2000 түрээслэгч ажилладаг. Мөн таксины үйлчилгээ үзүүлдэг, бусад тээвэр хийдэг 2000 орчим хүн бий. Жижиг бизнес эрхлэгч эдгээр хүний орлого авто вокзалыг нүүлгэсэнтэй холбоотойгоор тасарлаа. Зам, тээврийн хөгжлийн сайд ард түмэнд халтай шийдвэр гаргасан бөгөөд вокзалыг “Номин” компанийн агуулах руу нүүлгэсэн нь ашиг сонирхлын зөрчилтэй.
Тиймээс бид сайд С.Бямбацогтыг Авлигатай тэмцэх газарт шалгуулах хүсэлт хүргүүлж байна” гэв. Авто тээврийн үндэсний төв (АТҮТ) болон зорчигч үйлчилгээний төвийн оффисыг “Номин” компанийн байранд 57.3 сая төгрөгийн түрээсээр оруулсан нь нэг компанийн үйл ажиллагааг дэмжсэн үйлдэл болохыг мөн дурдлаа. Харин ЗТХ-ийн сайд “Салбарын сайдын хувьд зам тээврийн салбар, тэр дундаа төмөр зам, авто тээвэртэй холбоотой олон жил бугшсан хулгай луйврын асуудалтай тууштай тэмцэж байна. Зорчигч үйлчилгээний төвийг албаны эрх мэдэл, давуу байдлаа ашиглан нүүлгэн шилжүүлсэн мэтээр гүжирдэж буй нь ор үндэслэлгүй. АТҮТ-ийн гаргасан шийдвэрт би нөлөөлөөгүй, АТГ-т шалгуулахад бэлэн” гэлээ.