Намрын хуурайшилтын үе эхэлсэн учир холбогдох байгууллагууд галын аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг иргэд, олон нийтэд түгээж буй билээ. Бага насны хүүхэдтэй, байнгын галлагаатай айлуудыг энэ үед илүү сонор сэрэмжтэй байхыг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас анхааруулав. Энэ он гарснаас хойш улсын хэмжээнд гал түймрийн 2172 тохиолдол бүртгэгдэж, 34 иргэн амиа алдсаны зургаа нь хүүхэд байсан гэнэ. 26 хүн түлэгдэж, зургаан иргэн угаартсанаас нэг нь эндсэн аж. Бага насны хүүхдүүд чүдэнз, асаагуур зэргээр тоглож байгаад санамсаргүй байдлаар гал алдах тохиолдол цөөнгүй гэнэ. Иймээс гэрийн галлагааны аюулгүй байдлыг хангаж, чүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гараас хол байлгаж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөлөө.
Бэлтгэсэн: Н.Мишээл