Нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, “Орхон” их сургуулийн баруун хойд талд үйл ажиллагаа явуулж буй “Шунхлай холдинг” ХХК авто гараашийн суурийн ажил гүйцэтгэх явцдаа Усны тухай хууль зөрчиж, байгаль орчинд хохирол учруулсныг Туул голын сав газрын захиргаанаас тогтоожээ. Хөрсний ус шавхан зайлуулах тохиолдолд хэмжээнээс нь хамааран Усны газар, Туул голын сав газрын захиргаа зэрэг байгууллагаас дүгнэлт гаргуулах ёстой. Мөн хэчнээн хэмжээний ус шавхахаас шалтгаалан төлбөр төлөх зохицуулалттай. Гэтэл дээрх компани ус ашиглуулах дүгнэлт, зөвшөөрөлгүйгээр үүнийг гүйцэтгэж байсан учир үйл ажиллагааг нь зогсоожээ.
“Шунхлай холдинг” компанийнхан 226 800 шоо метр ус зайлуулахдаа шоо метр тутмыг нь 85 төгрөгөөр тооцож “Усны барилга, байгууламжийн газар” ОНӨААТҮГ-т төлбөр төлсөн гэсэн гэрээг үзүүлсэн ч энэ нь тамгагүй, гарын үсэггүй байсныг Усны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Батбаяр дурдлаа. Холбогдох байгууллагаас дүгнэлт гаргуулж, шавхан зайлуулах усны хэмжээгээ тогтоолгож, үүний дагуу төлбөр төлөөгүй учир хариуцлага тооцох эрхзүйн үндэслэлтэйг тэрбээр онцлов. Иймд Усны газраас “Шунхлай холдинг”-д хуулийн дагуу төлбөр ногдуулахаар болжээ. Туул голын сав газрын захиргаа уг зөрчлийг шалгуулахаар нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтэст шилжүүлжээ.