Хичээлийн шинэ жилийг угтан сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслийн худалдаа, нийлүүлэлт, чанар, үнэд ШӨХТГ-аас хяналт, шалгалт хийж буйг мэдээллээ. “Номин” сүлжээ дэлгүүр, “Тэнгэр”, “Дүнжингарав”, “Алтжин бөмбөгөр” худалдааны төвд хийсэн хяналт, шалгалтаар бараа, бүтээгдэхүүний гарал үүсэл нь тодорхойгүй, үнийн мэдээллийг байршуулаагүй, хямдрал урамшуулал нь бодит бус байх зэрэг нийтлэг зөрчил илэрчээ. Улсын байцаагчид зөрчлийг газар дээр нь арилгуулсан аж. Мөн бараа, бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхойгүй, хямдрал урамшуулал нь бодит байдлаас зөрүүтэй зэрэг нийтлэг зөрчлийг арилгуулахаар “Номин холдинг” ХХК-д улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлжээ. Түүнчлэн нийлүүлэлт, үнийн тогтвортой байдлыг хангах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор худалдаа эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд зөвлөмж хүргүүлсэн байна. Хэрэгжилтийг нь хангаагүй тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг анхааруулж, худалдаа эрхлэгч болон хэрэглэгчдэд зөвлөгөө мэдээлэл өгсөн гэнэ.
Бэлтгэсэн: Б.Сонор