Булганы Цагдаагийн газрын алба хаагч О.Цэлмэг удирдлага нь дарамт шахалт ихтэй, эрхийг нь зөрчдөг хэмээн "шүгэл үлээсэн"-ий дагуу Цагдаагийн ерөнхий газрын Алба хаагчийн эрхийг хамгаалах тасгаас тус аймагт хяналт шалгалт явуулж эхэлжээ. Алба хаагчийн эрхийг хамгаалах тасгийг энэ сард шинээр байгуулсан гэнэ. Тус тасгийнхан аймгийн цагдаагийн удирдлага үнэхээр алба хаагчдынхаа эрх ашгийг хөндсөн үү, хууль зөрчсөн үү гэдгийг тодруулахаар ажиллаж байна.
Үүнээс гадна Булган аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид өнгөрсөн долдугаар сард "Хууль бусаар цалин хассан, хандив нэрээр мөнгө татсан" хэмээн удирдлагынхаа хууль бус үйлдлийг шүүмжилж, Цагдаагийн ерөнхий газарт гомдол гаргажээ. Гомдлын дагуу Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газраас ажлын хэсэг гарч Булган аймагт ажилласан юм байна. Улмаар Булган аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Л.Ганбаатарыг хууль бусаар хандив цуглуулсан хэмээн үзэж ажлаас нь чөлөөлжээ. Түүний оронд Булганы Цагдаагийн газрын даргаар дэд хурандаа Д.Ганбаярыг томилсон аж.