“Хотын төвд байрлал сайтай байр урт хугацаагаар түрээслүүлнэ”, “Төлбөрийн уян хатан нөхцөлтэйгөөр гэрээ хийнэ” хэмээн иргэдийг хуурч, залилах явдал сүүлийн үед цөөнгүй гарч байгааг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс мэдээллээ. Хичээлийн шинэ жил эхлэх дөхөж, иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдэхэд энэ төрлийн хэрэг ихэсдэг гэнэ. Иймд иргэдийг түрээслэхээр сонгосон байр, орон сууцынхаа эзэмшигчийн мэдээллийг сайтар шалгаж, урьдчилгаа төлбөр яаран шилжүүлэхгүй байхыг зөвлөлөө. Ялангуяа их, дээд сургуульд суралцахаар орон нутгаас ирсэн оюутнуудыг байр түрээслүүлэхтэй холбоотой цахим зар, мэдээлэлд хянамгай хандахыг, халаасны хулгайн гэмт хэргээс сэргийлэхийг анхааруулав.
Бэлтгэсэн: Н.Ган