Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэргийг шалгах, шийдвэрлэх ажлын хэсгийг өнгөрсөн арванхоёрдугаар сард байгуулсан билээ. Тус ажлын хэсэг нийт 61 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл олгох, эл бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэргүүдэд улс төрд нөлөө бүхий 13, хил, гааль, Авто тээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан 87, хувийн компанийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан, хувиараа нүүрс тээвэрлэдэг 35, гадаадын гурван иргэн гээд нийт 138 хүнийг яллагдагчаар татаж, гэрчээр 12 994 иргэнээс мэдүүлэг авчээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнууд 13.8 тэрбум төгрөгийн хахууль авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, нэр бүхий яллагдагчдын 97 үл хөдлөх эд хөрөнгө, 49 тээврийн хэрэгсэл, таван газар, хоёр хуулийн этгээдийн хувьцаа, 35 иргэн, 43 хуулийн этгээдийн арилжааны банкан дахь дансны зарлагын гүйлгээ, дөрвөн хүний 3.2 тэрбумын үнэлгээ бүхий үнэт цаас, бондын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан аж.
Нийслэлийн Прокурорын газраас 69 хүнд холбогдох найман хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Т.А, “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал байсан Б.Г нарын 11, “Эрдэнэс силвер ресурс”-ийн гүйцэтгэх захирал асан Т.М, Б.Ж нарын зургаа, Гашуунсухайт дахь гаалийн газрын улсын байцаагч болон хил хамгаалах байгууллагын албан тушаалтнууд холбогдсон 22 хүнд холбогдох хэргүүд шүүхийн шатанд байгааг УЕПГ-аас мэдээлэв. Ажлын хэсэг хэрэг бүртгэлтийн 24, мөрдөн байцаалтын 13 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй агаад хоёр хэргийг прокурор хянаж байгаа гэнэ.
Бэлтгэсэн: Б.Сонор