Баян-Өлгий аймгийн Сагсай сумын нутагт загасчилж явсан иргэн голд живж амиа алдсан осол энэ сарын 22-нд гарчээ. Тухайн иргэн 21 настай байжээ. Тодруулбал, сумын төвөөс 150 км-ийн зайд оршдог Хар чулуутын голд таван хүн загасчилж байгаад нэг нь хөл алдан усанд живснийг онцгой байдлын байгууллагаас мэдээлэв. Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид энэ талаарх дуудлагыг хүлээн авсан даруйдаа эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулжээ. Ингээд тухайн өдрийн орой нь найман метрийн гүнээс цогцсыг нь олсон байна. Голуудын усны түвшин өндөр, үер, усны аюулын эрсдэл буураагүй үед иргэд орон нутагт аялж зугаалахдаа анхаарал болгоомжтой байхыг онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа.
Бэлтгэсэн: М.Оч