Манай улс тарвагыг үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар агнахыг гурван жилийн хугацаагаар буюу 2024 он хүртэл хориглоод буй ч энэ төрлийн зөрчил буурахгүй байна. Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрынхан Баян-Овоо, Галуут, Өлзийт, Эрдэнэцогт сумд хяналт шалгалт зохион байгуулахдаа тарвага хууль бусаар агнасан гурван зөрчил илрүүлж, 36 тарвага хураан авчээ. Мөн энэ сарын 19-нд Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт ийм зөрчилгарчээ. Хоёр машин бүхий долоон иргэн 11 тарвага агнасан зөрчлийг хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид илрүүлж, хэргийг шалгуулахаар Төв аймгийн Эрдэнэ сумын цагдаагийн тасагт шилжүүлсэн аж.
Тарваганы экологи, эдийн засгийн үнэлгээ нь 410 мянган төгрөг. Эл амьтныг амьтныг хууль бусаар агнасан тохиолдолд үүнийг хоёр дахин нэмэгдүүлсэн дүнгээр нөхөн төлбөр ногдуулах хуультай. Баянхонгор аймагт гарсан гурван зөрчилд үүний дагуу 29.5 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж, төлүүлжээ.